ДАРХАН-УУЛ: Тээврийн хэрэгслийг зөөж, тээвэрлэх үнийг ИТХ-аар эцэслэн батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-23 15:42:59

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох журмын төсөлд иргэдээс санал авлаа. Уг санал авах ажилд аймгийн ИТХ, Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төвийн холбогдох удирдлагууд, иргэн, ААНБ-ын төлөөлөл оролцлоо.




Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаа, төлбөрийн хэмжээг эцэслэн ИТХ-аар хэлэлцэн тогтоолоор баталгаажуулах юм.


Төлбөрийн хувьд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхэд тээврийн хэрэгслийн жин, байршлаас хамаарч 25000-90000 төгрөг, түр саатуулах хашааны төлбөрийн хэмжээг 4000-25000 төгрөг байхаар тогтож аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


Ингэснээр эргүүлийн чиглэлийн бүсийг тогтоох, хяналт тавих арга, зам, замын байгууламж, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх, зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, албадан зогсоох, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа хийхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилготой гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.




Дархан-Уул аймагт бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тооллогоор 2020 онд 16800 автомашин байсан бол 2023 онд 26800 автомашин буюу гурван жилийн хугацаанд 10000 автомашинаар нэмэгджээ.




Дээрх журмын төсөлд Тээврийн хэрэгслийг Дархан сумын нутаг дэвсгэрт зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээний хувьд:

Нэгдүгээрт, “Ди Би Эс” телевизийн зүүн урд талд байрлах дөрвөн замын уулзвараас ОХУ-ын Ерөнхий консулын газрын зүүн урд байрлах дөрвөн замын уулзвар хүртэлх зам,


Хоёрдугаарт, ДСЦТС ХК-ийн нэрэмжит Жаргалантын гудамжны АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хойно байрлах дөрвөн замын уулзвараас Ариг банкны урд байрлах зогсоол хүртэл,


Гуравдугаарт, “Ардын өргөн чөлөө” гудамжны Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн зүүн урд байрлах дөрвөн замын уулзвараас “Буян" захын баруун талын дөрвөн замын уулзвар хүртэл,




Дөрөвдүгээрт, Монгол банкны урд дөрвөн замын уулзвараас Консулын газрын зүүн урд байрлах дөрвөн замын уулзвар хүртэлх зам,


Тавдугаарт, Бурхантын гудамж, Монгол банкны урд дөрвөн замын уулзвараас Номин худалдааны төвийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хоёр талын урсгалд 7.00-21.00 цагийн хооронд үйлчлэхээр заажээ.

 


Холбоотой мэдээ