М.Энхтөгс: Анх би их амархан гэж бодож энэ мэргэжлийг сонгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-12 21:37:56

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар цэцэрлэгийн заах арга зүйч М.Энхтөгстэй ярилцлаа.

 

-Цэцэрлэгийн багш буюу СӨБ-ын байгууллагын ажилтны ажлын онцлог юу байдаг, өөрийн тань хувьд энэ мэргэжлийг эзэмших болсон шалтгаан юу вэ?

-Цэцэрлэгийн багшийн мэргэжил зарим оронд хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй, цалин өндөр, хангамжтай, хүндлэл, эрх хамгаалагдсан мэргэжил байдаг юм билээ.

 

Харин манайд үнэлэмж бага, үнэлгээ доогуур, багш мэргэжлийн үнэ цэн, хүндлэл арай л дутмаг байгаад байгаа юм. Би хувьдаа хүүхдэд хайртай хүн багш мэргэжлийг сонгон суралцаасай гэж хүсдэг. Аливаа зүйлийн гэрэл гэгээг олж харвал ямар ч ажил, мэргэжил сайхан. Би анх энэ мэргэжлийг сонгохдоо их амархан гэж бодож сонгосон. Хүүхдүүдэд шүлэг цээжлүүлэх, үлгэр уншиж өгөх, дуу, бүжиг заагаад л төгсгөчихнө гээд элсэлтийн хуваариа авч байсан.

 

Гэтэл миний энэ бодол хийсвэр, харин ч маш их хариуцлага, ур чадвар, судлаач, сэтгэл зүйч байдлыг шаардсан мэргэжил байсан.

 

-Залуу багшийн ажлын гараа хэрхэн эхэлж байв?

-Ажлын гараа маань бүлгийн багшаар эхэлсэн. Тухайн үед дөнгөж 21-хэн настай залуу багшийг эцэг, эх, асран хамгаалагч нар элэг барих, үл тоох, загнах гэх мэт асуудал гардаг байлаа.

 

Мөн өөрөө сургалтын төлөвлөгөө боловсруулах, эцэг, эхтэй ажиллах зэргээр мэдэхгүй зүйлс их гарч ирсэн. Орой очоод уйлаад л төлөвлөлтөө бичиж, хэрэглэгдэхүүнээ шөнөжин хэвлэж, хайчлаад нойргүй явсан үе зөндөө бий. Нойргүй хоносон ч гэсэн ажлаа хийчихсэн учир баяртайгаар хүүхдүүд рүү гээ яардаг байсан. 

 

Ингээд яривал хөгжилтэй, баяр, баясгалантай,  саад бэрхшээл ихтэй байсан ч надад урам өгч, мэргэжилдээ эзэн болох боломжийг олгосон. Миний анхны шавь нар 2022 онд төгссөн. Одоо бүгд бичиг үсэг сураад фэйсбүүк хаяг нээчихсэн “Багш аа, би үсэг сурсан, зөв бичиж үү” гээд чат бичдэг. Бидний мэргэжил ийм л гэгээлэг, хүүхэд нь багшаасаа, багш нь хүүхдээсээ суралцсан он жилүүд өнгөрч байдаг.

 

-Цэцэрлэгээс хүүхдийн хөгжил, сургалт хүмүүжлийн чиглэлээр явуулж байгаа ажлын талаар сонирхуулна уу?

-Манай цэцэрлэг 6 бүлгийн 200 гаруй хүүхдийг хамруулан сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Үндэсний сургалтын хөтөлбөрийг монтессори сургалтын арга зүйтэй хослуулан хүүхдүүдээ хөгжүүлэх бодлогыг барьж ажиллаж байгаа.

 

Мөн нэмэлт 7 төрлийн дугуйланг хичээллүүлж, давхардсан тоогоор 216 хүүхдийг хамруулан хөгжүүлж байна. Хамран сургалтын хувьд 3 дугаар багийн 67 хувь, тойргийн бус 33 хувь хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 

 

-Монтессори сургалт гэж ямар онцлогтой сургалт вэ?

-Монтессори сургалтын онцлог нь хүүхдийг өөрийнх нь хэмнэлээр хөгжүүлнэ гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг цэлгэр сайхан орчинд, амьдралтай ойрхон маягаар сургана гэсэн үг. Монтессори гэхээр хүмүүс өөр зүйл төсөөлөөд байдаг. Монтессори орчин бол амьдралд бодитоор байдаг зүйлийг л үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм.

 

Хүүхэд өөрөө яг л бодит зүйлд дурладаг. Ерөөсөө л амьдрал дээр байгаа зүйлдээ дуртай байдаг. 6 нас хүртэлх хугацаанд хүүхдийн чадвар дадал, зан байдал төлөвшдөг гэж үздэг. Иймээс монтессори сургалт нь хүүхдийг эрх чөлөөтэй, өөрөөр нь байлгадаг учир багаас нь монтессори арга зүйгээр сургаснаар хүүхэд өөртөө илүү итгэлтэй болдог.

 

-Мэргэжлийн багшаар бүрэн хангагдаж чадсан уу?

-Багшийн хүрэлцээ хангамжийн хувьд бүлгийн 6 багш, багшийн туслах 6, эд нар маань мэргэжлийн диплом, үнэмлэхтэй. Манай цэцэрлэгт тэргүүлэх зэрэгтэй 1, заах аргач зэрэгтэй 4, магистрын дипломтой 2 багш ажиллаж байна. Сүхбаатар суманд хөгжмийн болон хөдөлгөөн, эрүүл мэндийн багш дутагдалтай байдаг. Бид 2022-2024 оны хичээлийн жилд таван багшийг монтессори сургагч багшаар бэлтгэн, мэргэжлийн сертификаттай багш нарын баг бүрдүүлэн ажиллаж байна.

 

-Хүүхэд хөгжүүлэх чиглэлд цэцэрлэгээс, тухайлбал арга зүйч багшийн хувьд нэмэлт ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Цэцэрлэгийн онцлог болох “Бяцхан морин хуурч” дугуйлан хичээллүүлж байгаа. БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 10 морин хуур авсан. Манайх “Таван хан” сургалтын төвийн багш, МУСТА Б.Амарсайхан багшаар удирдуулан үндэсний морин хуурын дугуйланг өдөр бүр хичээллүүлж, хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

 

-Энэ цаг үе цахимжсан, бас их онцлогтой цаг үе байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн сургалт цахим орчинтой хэр уялдаж байгаа вэ?

-Шинэ үеийн хүүхдүүдтэй ажиллах нэг арга бол “Цахим технологи” байгаа. Бид хүүхдүүдийнхээ онцлог, хэрэгцээнд тулгуурлан “Аргун кидс” багцыг үйл ажиллагаа,  сургалтдаа ашиглаж байна. Энэ багцад 2 том ханын зураг, 13 сэдэв, 80 багц, 400 агуулгыг багтаадаг. Энэхүү сургалтын багц хэрэглэгдэхүүнээр заах аргын нэгдлээр хуваарь гарган хүүхдүүдээ хөгжүүлж  байна.

 

-Залуу багшийн хувьд ажиллах орчин нөхцөл, нийгмийн хангамж, баталгаа найдвартай гэж боддог уу?

-Залуу багш нар болон багш нарт тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт тогтвор суурьшилтай ажиллахад орон сууцанд хөнгөлөлттэй хамруулах, ажлын хувьд техник хэрэгслээр хангах, багш мэргэжлийн нэр хүнд, багшийн эрх хамгаалал гэх мэт зүйлсийг сайжруулбал багш бидэнд мэргэжлээрээ тууштай  ажиллах боломж бүрдэнэ гэж боддог.

 

Мөн үр дүнд суурилсан үнэлгээг нэвтрүүлж байгаа нь сайн боловч хэрэгжилт тал дээр 2 настай 30 хүүхдийг нэг түвшинд байх ёстой гэж үнэлж байгаа нь оновчгүй гэж хардаг. Яагаад гэвэл тусгай хэрэгцээт боловсрол нийгэм даяар хэрэгтэй байхад бүлгийн бүх хүүхдийг нэг асуумж, үнэлгээгээр оноожуулах нь учир дутагдалтай гэж арга зүйч миний хувьд үзэж байгаа юм.

 

-Танай цэцэрлэг чинь шинэ тутам хөгжиж байгаа. Саяхан байгуулагдсан байх аа?

-Манай цэцэрлэг 2021 онд улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай “Салхит” 3 дугаар багт байрлаж, 28 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Бид 3 жилийн дотор 75 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн сургуульд бэлтгэн оруулсан байгаа.

 

-Өөрийгөө товч танилцуулна уу?

-Миний хувьд, 2004-2015 онд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, 2015-2019 онд МУБИС-ийн СӨБС-ийг багш, арга зүйч мэргэжлээр сурч төгссөн.

 

2019 оны 9 дүгээр сард Сүхбаатар сумын 5 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар 3 жил ажилласан. Тэгээд 2023 оноос тус цэцэрлэгт арга зүйчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Боловсролын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа залуу боловсон хүчин байна.

  




 

 

Холбоотой мэдээ