Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Олимпын аваргуудад мөнгөн шагнал олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-04-10 17:25:22

МОНАКО, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /TASS/. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (World Athletics) Олимпын наадамд түрүүлсэн тамирчдад мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.


Парисын Олимпод түрүүлсэн тамирчин 50 мянган ам.доллар хүртэх бол 2028 оны Олимпод медаль хүртсэн бүх тамирчинд мөнгөн шагнал олгоно. 


Ингэснээр “World Athletics” нь Олимпоос медаль хүртсэн тамирчдыг урамшуулдаг анхны олон улсын холбоо болж байна.


2022 оны гуравдугаар сараас Украины байдал хурцадсаны дараа Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Орос, Беларусийн хөнгөн атлетикийн тамирчдыг өөрийн ивээл дор зохион байгуулдаг тэмцээн уралдаануудад оролцохыг хориглосон билээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монако хотноо Дэлхийн хөнгөн атлетикийн зөвлөлийн хурал болсны дараа тус байгууллагын тэргүүн Себастьян Кое сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Орос, Беларусийн хөнгөн атлетикийн тамирчдыг 2024 оны Олимпод оролцуулахгүй гэсэн юм.


Парисын Олимпын наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ны хооронд болох бөгөөд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статустайгаар оролцох боломжтой. Гэхдээ төрийн далбаа, бэлгэдэл зэрэг улс оронтойгоо холбоотой зүйлсийг барьж үзүүлэх, багийн төрлөөр явагдах тэмцээнүүдэд оролцохыг хоригложээ.

Холбоотой мэдээ