Итали улстай агаарын болон автотээврийн хэлэлцээр байгуулах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-10 10:14:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа.


Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “ЗТХЯ олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэх, гадаад худалдааг нэмэх чиглэлээр онцгой анхаарч, 2022-2024 онд Словак, Польш, ХБНГУ-тай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Итали улстай Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн, ажлаа эрчимжүүлэх хүсэлтэй байна. Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд харилцан тохиролцох саналтай байгаа”-гаа хэлжээ. Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-ыг түшиглэн НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд Хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв, агуулах байгуулахыг ажил хэрэг болгон НҮБ, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, судалгаа хийх шаардлагатай байгаа. Анхны хүмүүнлэгийн тусламжийн төв болох БНИУ-ын Сан Вито хотын Бриндизи дэх хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлээд, Замын-Үүдэд байгуулах хуурай боомт, цаашид байгуулах боомтын төслүүдэд хөрөнгө оруулах боломжтойг онцоллоо.


Манай улсад дээрх төвийг байгуулснаар нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй бөгөөд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, цаашлаад НҮБ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэхэд дэмжлэг болохыг ЗТХЯ мэдээлэв.


Элчин сайд, хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимтэй нэмж, шууд нислэгтэй болгохыг дэмжихээ илэрхийллээ. Монгол Улс, БНИУ хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2025 онд тохионо. Энэ үеэр авто болон агаарын тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах боломжтойг тэмдэглэжээ.


Монгол Улс одоогоор дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой болоод байгаа билээ.


Холбоотой мэдээ