Атомын бөмбөгдөлтөөс бүтэн үлдсэн модыг энх тайвны бэлгэ тэмдэг болголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-04 13:30:38

ЖЕНЕВ. /NHK/. 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтийн үеэр усталгүй бүтэн үлдсэн "гинкго" зулзаган модыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тарьж суулган, дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болгох итгэл найдварын бэлгэ тэмдэг болгожээ.

Бан Ги Мүн өчигдөр Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын төв байранд болсон арга хэмжээнд оролцох үеэрээ "энэ зулзаган мод уян зөөлөн чанар хийгээд энх тайвны бэлгэ тэмдэг юм" гэж тайлбарласан байна.

Энэ мод дэлбээлж эхэлснээр атомын бөмбөгдөлтийн гамшгаас амьд гарсан хүмүүс атомын бөмбөгдөлтийн уй гашууг итгэл найдварын илгээлт болгон өөрчилснийг сануулах юм гэж тэрбээр мэдэгджээ.

Япон улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жүничи Ихара мөн энэ арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр хэлэхдээ "цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох ёс суртахууны үүрэг хариуцлага Японд ногдож байгаа гэдгийг энэ мод сануулах юм" гэлээ.

Уг зулзаган модны мөчрийг 1945 оны наймдугаар сарын 6-ны атомын бөмбөгдөлтийн голомтын ойролцоо байсан "гинкго" модноос авсан байна. Модны өндөр 150 см аж.

Хирошима хотын захирагч Казүми Мацүй өнгөрсөн 5 дугаар сард НҮБ-ын Европ дахь төв байранд зочлох үеэрээ уг модыг бэлэглэсэн байна. Түүнээс хойш уг мод тав дахин өсч томорчээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ