ОУОХ “Токио-2020”-ийн зохион байгуулах хороотой хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-04 09:56:50

ПАРИС. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг дахин хэлэлцэх саналыг Токио хотын захиргаанаас гаргасантай холбогдуулан тус хотын Олимпыг зохион байгуулах хороотой зөвлөлдөх бодолтой байна гэж Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэв.

Тэрбээр ням гарагт Парист айлчлах үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.

Токио хотын захирагч Юрико Койкегийн байгуулсан зөвлөл өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ, “Токио-2020” Олимп болон Паралимпын наадмыг зохион байгуулах зардал өмнө нь төлөвлөөд байснаас дөрөв дахин өсч, 30 тэрбум долларт хүрч магадгүй гэсэн байна. Үүнтэй холбогдуулан тус зөвлөл зардал танах зорилгоор спортын гурван байгууламжийг барих төлөвлөгөөг өөрчлөх санал дэвшүүлж, сэлүүрт завь болон каноэ завины уралдааныг Токиогоос өөр газарт явуулах нь зүйтэй гэж үзсэн  байна.

Спортын байгууламжуудыг барих зардал нэмэгдэх нь Олимпын наадмын төлөвлөгөөнд нөлөөлөөд зогсохгүй 2011 онд Японы зүүн өмнөд нутагт болсон цунами болон газар хөдлөлтөд сүйдсэн байшин барилгуудыг сэргээн босгох ажилд нөлөөлөх юм гэж Бах мэдэгдлээ.

Мөн тэрбээр хэлэхдээ, “Токио-2020” Олимпын тоглолт болон Паралимпын наадмыг зохион байгуулах комисстой одоогийн төлөвлөгөөг хянах үзэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, хэлэлцээ үр дүнтэй болно гэж найдаж байна гэв.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ