ДУНДГОВЬ: Б.Эрдэнэтогос: Би хүүгээ хөгжүүлж, алдартай зураач, барималч болгохын төлөө хичээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-28 11:09:12
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 6 настай Ө.Азбилэг хүү сургууль дээрээ өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн, үеийн найзууд, ах эгч, багш нартаа танилцууллаа. Тэрбээр Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг. Хэдийгээр Азбилэг хүү аутизм оноштой ч зурах, хайчилбар, баримал хийх гоц авьяастай хүүхэд.


Түүний ээж Б.Эрдэнэтогос хүүгийнхээ тухай “жижигхэн биедээ баймгүй их авьяастай хөөрхөн хүү минь сургууль дээрээ бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Өөрийнхөө бүтээлийн дунд суугаад урлаж байгаа хүүгээ хараад маш их бахархлаа.




Миний хүү одоо 6 настай, анх 3 настай байхдаа зураг зурж эхэлсэн, 4 наснаасаа цөөн үгээр ярьдаг болсон. Зурах, хайчилбар, баримал хийх маш их авьяастай. Хүү маань аутизм оноштой ч зуралгүй шууд хайчилбар хийдэг, баллуур хэрэглэхгүй, буруу зурахгүй, нэг ч зураас илүү дутуу гаргалгүй зурдаг, баримлын шаврын өнгө зохицлыг тааруулж, маш богино хугацаанд юмсыг хийдэг.


Аутизм бол өвчин биш, зөвхөн өөрийнхөөрөө л оршин байдаг, маш том ертөнцтэй тийм л хүүхдүүд байдаг. Ийм хүүхдээ ойлгож, хүлээн зөвшөөрч, зөөлөн эелдэг хандаж, өөрийнхөөр нь байлгаж, эрхлүүлэхийг л хүсдэг. Өөрийнхөө хийх дуртай зүйлийг 100 хувь төгс хийдэг, харин дургуй зүйлээ хэзээ ч хийхийг хүсдэггүй онцлогтой. Би авьастай, хөөрхөн хүүгээ цаашид улам илүү дэмжин хөгжүүлж, алдартай зураач, барималч болгохын төлөө хичээнэ” гэлээ.


Азбилэг хүү Д.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн зургийн дугуйланд суралцаж, хэл ярианы хичээлд давхар явж, өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ хэл яриагаа сайжруулж байна. 













Холбоотой мэдээ