Я.Содбаатар: Бид тэвчиж болох бүх зардлыг хэмнэж, ирэх оны төсвийг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-10-03 16:21:02

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, үндсэн хоёр асуудал хэлэлцэн, байр сууриа нэгтгэж, Ажлын хэсгүүд байгуулахаар болсон талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийв. 

Бүлгийн хуралдааны эхэнд 2017 оны Төсвийн төслийн талаар Сангийн яамнаас мэдээлэл сонссон байна. Улмаар төсөв хэлэлцэхтэй холбогдуулан Ажлын хэсгийг Я.Содбаатар гишүүнээр ахлуулж, мөнгөний бодлогыг хэлэлцэхтэй холбогдуулан Ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүнээр ахлуулан байгуулжээ. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна.

Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Я.Содбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-"Эрдэнэт" үйлдвэрийн асуудалд эрх баригч нам цаашдаа ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? 

-Д.Хаянхярваа:-"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар УИХ маш тодорхой шийдвэрийг Засгийн газарт өгсөн. Засгийн газраас таван сайдын оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж, дүгнэлтээ гаргасан байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар дүгнэлт сонссоны дараа УИХ-аар хэлэлцээд явах байх. Энэ үед тодорхой шийдвэр гарна.

-Үйлдвэрийг гадныхан авахаар эх орны баялаг зөөлөө, зарагдлаа гэдэг, монгол хүн авахаар дээрэм луйвар хийж авлаа гэж байна. Яг яаж явагдвал зөв байх вэ?

Д.Хаянхярваа:-Бүх асуудал хуулийн хүрээнд л байх ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд хуулийн хүрээнд хувьчлал явагдаж уу гэдэг л асуудал байгаа. Хэрвээ эзэн болоод авсан бол үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хангаж, Монгол дахь өгөөж байнга нэмэгдэж байх ёстой.

Монголын нийгэмд үнэхээр ийм зүйл байгаа. Бизнес эрхлэгчид рүүгээ тал, талаасаа дайрдаг. Өнгөрсөн 4 жилд “Энержи ресурс” компани дэлхийн зах зээлд гарсан ч дампуурах тийшээ явсан. Монголын компани гэдэг эрх ашгийн үүднээс хандаж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад нь төр дэмжлэг үзүүлж ажиллах ёстой л гэсэн байр суурьтай байна.

-МАН 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын өмнөх дарга өнөөдөр байр сууриа илэрхийлсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

Д.Хаянхярваа: 2.6 их наяд төгрөгийн алдагдал гэдэг бол хатуу тоо. Гэхдээ үүнээс ч илүү алдагдалтай байх төсөв л бидэнд үлдэж. Өөрөөр хэлбэл, өр авлагаа бүхэлд нь барагдуулах тухай асуудал яригдвал 6.6 их наяд төгрөг буюу төсвийн нэг жил цуглуулах орлогоос их хэмжээний өрийг ирэх онд багтаан барагдуулах болчихсон байгаа. Бодит байдлаас хазайж, элдэв улс төрөөс эмээж төсөв баталж болохгүй. Бодит боломжиндоо тулгуурласан, нөөц бололцоогоо дайчилсан, богино хугацаанд эдийн засгийн хямралаас гарахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогоор үйл ажиллагаа явуулна.

Я.Содбаатар: Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байх үед нэг хүндрэл гарсан. Төсвөөс гадна зарцуулсан асар их мөнгө байсан. Монголбанк, Хөгжлийн банкаар, мөн концессын гэрээгээр гэх мэт тал бүр лүү гаргасан байсныг МАН Засгийн эрх авсны дараа нэгтгэж, төсөв дээр авчирахад төсвийн алдагдал 9.9 хувьтай болсон. Урд талынхаа балгыг янзлах гэж явж байгаа л ажил. Бодит нөхцөл байдал ийм байна. Тиймээс бид тэвчиж болох бүх зардлыг хэмнэж, ирэх оны төсвийг батална.

-Ирэх оноос төлж эхлэх бондын зээлийг бонд гаргаж байж л төлөхөөс аргагүй гэж байгаа. Энэ талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? Эдийн засагчид зээлийг бонд гаргаж төлөх юм бол илүү эрсдэлтэй. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад явах нь хяналттай, зохимжтой гэсэн байр суурь илэрхийлээд байна ?

 Д.Хаянхярваа: Өрийн асуудал бол анхаарал татсан асуудал. Авсан бондуудын төлбөр төлөгдөөд эхэлнэ. Ямар нэг шийдэл гаргаагүй, яаж төлөх вэ гэдэг арга зам хайж байна. Яг үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Бонд гаргах, эсвэл авсан өрийнхөө менежмэнтээ цаад хүмүүстэйгээ ярьж хойшлуулах, эсвэл урт хугацаатай хөгжлийн зээл авах гэсэн цөөхөн сонголт байна. Үүнийг төсөв хэлэлцэх үеэр ярилцаад явах байх. Засгийн газар улс үндэстнүүд, олон улсын байгууллагуудад хандах зэргээр янз бүрийн яриа хэлцэл хийж байгаа. Ингэхдээ Монгол Улсад хамгийн үр ашигтай байх, богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах, өндөр хүүтэй арилжааны зээлүүдийг төлж чадах нөхцлүүдийг сонгохыг зорьж ажиллана. Гишүүд ч ийм л байр суурь илэрхийлж байгаа.  Тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна.

-Нүүрсний үнийн зөрүүний талаар бүлэг дээр ярьсан гэх юм. Шийдэл нь юу юм бол?

Я.Содбаатар: 2017 оны төсөв өргөн барьсантай холбоотой төсвийн зардлыг хэрхэн танах, орлогыг нэмэх талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тусгайлан хэлэлцээгүй. Монгол Улсад нүүрсний үнийг нэмэх, үнийн өсөлт гаргах хандлага байгаатай холбогдуулж мэдээлэл сонссон.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ