“Нейролинк”-ийн чипийг суулгуулсан өвчтөн шатар тогложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2024-03-21 13:19:04

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 21 /Reuters/. Америкийн тэрбумтан Илон Маскийн “Нейролинк” компанийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтөн зайнаас шатар тоглож байгааг тус компани лхагва гарагт шууд дамжуулан үзүүллээ.


Усанд шумбаж байхдаа бэртсэний улмаас мөрөндөө саажилттай болсон 29 настай өвчтөн Ноланд Арбо “Нейролинк”-ийн чипийн тусламжтайгаар зөөврийн компьютерийн хулганы курсорыг хөдөлгөж, шатар тогложээ.


Тэрбээр энэ оны нэгдүгээр сард тархиндаа чип суулгуулсан бөгөөд бодол санаагаараа компьютерийн хулганыг удирдаж сурсан тухай И.Маск өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.


И.Маскийн X сүлжээн дээр цацагдсан дүрс бичлэгийн үеэр Н.Арбо чип суулгах үйл явцын талаар хэлэхдээ "мэс засал зовиургүй хөнгөн явагдсан, нэг өдрийн дараа эмнэлгээс гарсан, ой тогтоолттой холбоотой ямар нэг асуудал гараагүй" гэлээ.


Харин АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдрэлийн инженерчлэлийн хөтөлбөрийн захирал асан Кип Людвигийн хувьд “Нейролинк”-ийн үзүүлсэн зүйлийг “томоохон ахиц дэвшил биш" гээд, чип суулгаснаас хойш төдийлөн их хугацаа өнгөрөөгүй байгаа тул “Нейролинк” болон өвчтөний аль алинд нь суралцах зүйл маш их бий гэдгийг дурджээ. Гэсэн хэдий ч өвчтөний хувьд чип суулгуулахаасаа өмнө компьютер ашиглаж чадахгүй байсан тул нааштай үр дүн гарч байгаа нь ойлгомжтой, “энэ бол мэдээж сайн эхлэл мөн” гэж хэлсэн байна.

 


Холбоотой мэдээ