Трамп орлогын албан татвар төлөөгүй нь үнэн бол "суут ухаантан" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-03 12:50:54

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп орлогын албан татвараа 18 жилийн турш төлөөгүй гэсэн мэдээлэл үнэн бол тэрбээр “суут ухаантан” гэж Трампыг дэмжигчид мэдэгдэв.

Трамп 1995 онд 915 сая долларын алдагдалтай ажиллаж, ингэснээр тэрбээр хуулийн дагуу татвар төлөхгүй байх боломжтой болжээ. Энэ тухай татварын тайланг “The New York Times” сонин хүлээж авсан байна.

Харин Трампын компани энэ мэдээллийн тухай тайлбар өгөхөөс татгалзсан боловч тайланг “хууль бусаар олж авсан” гэж мэдэгджээ.

Түүний өрсөлдөгч Хиллари Клинтон ур хэргийг “гэнэтийн цочир мэдээлэл” байна гэж үзсэн байна.

Гэвч Трампыг дэмжигчид түүний байр суурийг хамгаалахаар ням гарагийн өглөө мэдэгдэл хийжээ. Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристи энэ талаар мэдэгдэхдээ, “The New York Times” сонины нийтлэл “маш нааштай зүйл” болсон, учир нь энэ нийтлэл Трампын “суут ухаан”-ыг харуулсан гэв.

Мөн тэрбээр хэлэхдээ, хөдөлмөр эрхэлж буй хүмүүст хамаарах татварыг хөнгөлөх талаар хамгийн сайн мэргэшсэн хүн бол Трамп гэдгийг энэ нийтлэл тодотгон харуулж байна гэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ