ЗАВХАН: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ тогтмолжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-18 13:42:01

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймаг эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч байна. 


Тус аймагт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 1.5 дахин их буюу, нас барсан 10 хүний зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна.


Эрэгтэйчүүдийн нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдээс их болж, 45 наснаас огцом нэмэгджээ. Харин хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин илүү байна. Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг өнгөрсөн жил аймгийн эрэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал зөвлөмжийг гаргаж байсан.


Завхан аймаг 73.8 мянган хүн амтай, үүний 49.9 хувь нь эрэгтэй. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг. Харин эрэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь бие нь өвдөхгүй бол эмнэлэгт хандаж үзлэг оношилгоонд хамрагддаггүй байна. 


Завхан аймаг "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан бодлого хэрэгжүүлсэн нь өнгөрсөн жил аймагт нээсэн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн кабинет юм. Тус кабинетаар өдөрт 20-30 иргэн үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж зөвлөгөөг авч байна.


Эрэгтэйчүүдийн кабинет байгуулагдсанаас хойш давсагны уян дурангийн оношилгоог 52 хүнд хийжээ. Түрүү булчирхайг дурангаар авах 36 мэс заслыг хийж, давсагт стент гуурс тавих 15 мэс ажилбарыг хийсэн байна. Мөн он гарсаар нийт 230 гаруй эрэгтэй кабинетаар үйлчлүүлж эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг авчээ.

 

Орон нутагт амьдарч байгаа эрэгтэйчүүд заавал Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах биш, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, цаг хугацаа, санхүүгээ хэмнэсэн цогц үйлчилгээг орон нутгаасаа авдаг болсон байна.

Холбоотой мэдээ