Сумын заан Г.Мөнх-Ёндон анх удаа түрүүлж, Д.Цэрэнням зургаа дахиа үзүүрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-15 10:14:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан боллоо.


115 дахь удаагийн барилдаанд 544 бөх уран мэх уралдуулж, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аврагч спорт хороо, Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Г.Мөнх-Ёндон анх удаагаа түрүүллээ. Тэрбээр сумын манлай заан Д.Цэрэнням, А.Амархүү зэрэг шилдгүүдийг өвдөг шороодуулсаар бөхийн өргөөнд анх удаа түрүүлсэн нь энэ. Түүний хувьд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин А.Алтанхуягийн шавь юм. Г.Мөнх-Ёндон 2022 онд Архангай аймгийн Хашаат сумын наадамд түрүүлж сумын заан цолонд хүрсэн бол өнгөрсөн зун Хархорин сумын наадамд үзүүрлэжээ. 


Тэгвэл Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням үзүүрлэлээ. Сумын наадамд гурав түрүүлж, хоёр үзүүрлэсэн тэрбээр бөхийн өргөөнд болдог сумын цолтнуудын барилдаанд гурав түрүүлж, зургаа үзүүрлэн, есөн удаа шөвгөрчээ.

Тус барилдаанд түрүү, үзүүр булаалдсан хоёр бөх өнгөрсөн хоёрдугаар сард тааран барилдахад Д.Цэрэнням давсан бол 2022 оны хоёрдугаар сард Г.Мөнх-Ёндон давж байжээ. 


Харин шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Э.Совджамц шалгарлаа. Түүний хувьд бөхийн өргөөнд түрүүлж үзээгүй ч гурав үзүүрлэж, 17 удаа шөвгөрсөн онцгой амжилттай яваа нэгэн.

Тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, сумын заан Б.Ган-Эрдэнэ нар шалгарсан байна.


Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог Үнэнч үзэгчдийн нэрэмжит Дайчин барилдааны шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын заан Б.Сундуйжадамба, Өсөх ирээдүйтэй бөх-ийн шагналыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын заан Г.Мөнх-Ёндон нарт олголоо.


Өнөөдөр бөхийн өргөөнд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан эхлэх гэж байна. Уг барилдаанд аймгийн арслан цолтой 66, заан цолтой 44 бөх барилдахаар бүртгүүлжээ. 

Холбоотой мэдээ