Төмөр замын үндсэн мэргэжлийг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулах санал гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-05 11:38:49

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төмөр замын үндсэн мэргэжлийг Засгийн газраас баталдаг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулах шаардлагатай. Ингэснээр оюутнууд гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах, сурах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээгдэнэ гэдэг саналыг Төмөр замын дээд сургуулийн оюутнууд гаргав.


Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт өрнөж буй энэ цаг үед төмөр замчдын мэргэжил эрэлттэй мэргэжил байх ёстойг ч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Төмөр замын дээд сургуулийн оюутнуудтай уулзах үеэр мөн онцолж байсан юм. Төмөр замын дээд сургууль нь долоон мэргэжлээр, Төмөр замын политехник коллеж нь найман төрлийн мэргэжлээр сургалт явуулдаг. Уулзалтад оролцсон оюутнууд, “Номын сангийн ажиллах цагийг уртасгах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай хийх нөхцөл боломжоор хангах, сургуулийн орчинд лабориториудыг олноор байгуулах” санал дэвшүүлснийг ЗТХЯ мэдээллээ.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сард зохион байгуулах оюутны өдөр уулзалтад оролцож, санал шийдлээ хуваалцах оюутнуудыг бүртгэжээ. Тус уулзалтаар их, дээд сургуулийн оюутнуудад тулгамдаж буй асуудалд шийдэл олж, оюутны хөгжлийг төрөөс дэмжих, хүний эрхэд ээлтэй их дээд сургууль, дотуур байр зэрэг орчин нөхцөл бүрдүүлэхэд залуусын санал санаачилга, дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх аж.

 

Холбоотой мэдээ