“Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-03-05 18:22:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурлыг энэ сарын 4-7-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.


Монгол Улсын Авлигатай тэмцэх газар өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ. Мөн хамгийн сүүлд 12.2 сая ам. долларын хулгайлагдсан хөрөнгийг АНУ, ИБУИНВУ-аас буцаан авчирсан юм.


Тэгвэл буцаан авсан хөрөнгийн зарцуулалт, хяналт олон улсад ямар байдаг, Монгол Улс юунд анхаарах талаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх багийн ахлагч Анника Витес сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, "Олон улсын сайн туршлагуудаас харахад нэгдүгээрт, хууль бус хөрөнгийг шинээр сургууль барих, зам тавих, хоёрдугаарт мөрдөх ажиллагааг гардан гүйцэтгэж үр дүнтэй ажилласан тухайн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд хөрөнгийн нэг хэсгийг шилжүүлдэг бол гуравдугаарт нь авлигын гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод болон шүгэл үлээгчийг урамшуулдаг тогтолцоонд үйлчилдэг" хэмээсэн байна.


Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орны хувьд хууль тогтоомждоо нийцүүлэн өөрчлөлт хийж урагшлах нь авлигатай тууштай тэмцэхэд томоохон түлхэц болохыг НҮБ-ын мэргэжилтнүүд онцолжээ. 


“Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын үнэлгээний дараах авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт уулзалтаар талууд дэлхийн улс орнуудын авлигын эсрэг бодлого, тогтолцооны дутагдал, хүндрэл бэрхшээл, Монгол Улсын авлигын эсрэг шинэ стратеги гэсэн өргөн сэдвээр санал солилцож цаашид хийх ажлаа тодорхойлсон байна.


Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь бүс нутгийн авлигатай тэмцэх орчныг бэхжүүлэх цогц тогтолцоог бүрдүүлдэг. Монгол Улс энэхүү конвенцод 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр соёрхон баталсан. Түүнчлэн Монгол Улс нь конвенцын хэрэгжилтийг үнэлэх механизмын хүрээнд өөрсдийн үнэлгээг амжилттай гүйцэтгэжээ.


Конвенцын 3-р бүлэг “Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах”, 4-р бүлэг “Олон улсын хамтын ажиллагаа”-ны хэрэгжилтийг анхны үнэлгээний мөчлөгийн эхний жилд гүйцэтгэж 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус үнэлгээний тайланг нэгтгэн гаргасан. Цаашлаад 2-р бүлэг “Урьдчилан сэргийлэх”, 5-р бүлэг “Хөрөнгө буцаах”-ийн хэрэгжилтийг үнэлгээний хоёрдугаар мөчлөгийн дөрөвдүгээр жилд гүйцэтгэн тайланг 2022 онд хэрэгжүүлж 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан юм. Конвенцын хэрэгжилтийг үнэлэх ажиллагааны үр дүн нь авлигын эсрэг техникийн туслалцааны хөтөлбөрийн суурь болдог. Энэхүү ажиллагаа нь мөн улс орнуудад авлигын эсрэг бодлого, тогтолцооны дутагдал, хүндрэл бэрхшээл, техникийн туслалцааны шаардлагыг тодорхойлох боломж олгодог юм.


Бага хурал 3 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцын 2-5 дугаар бүлгийн үнэлгээг хэлэлцэж, дараагийн арга хэмжээ, алхмыг хэлэлцсэн бол дараагийн өдрүүдэд “Хөрөнгө буцаах тогтолцоо”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах нь” сэдвээр ярилцах ажээ.


Холбоотой мэдээ