БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэх хүсэлт гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-27 10:23:09

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад орон нутгийн нислэгийн асуудлаар хүсэлт гаргажээ.


МИАТ компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 2 удаа (лхагва, бямба гарагт) нислэг үйлдэж байгаа бөгөөд долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл даваа гарагт нэмэлт нислэг үйлдэнэ.


Тус аймгийн хувьд зуны улиралд гадаад, дотоодын аялагчид олноор ирэх тул дээрх долоо хоногт 3 удаа хийх нислэг нь хангалтгүй хэмээн аймгийн Аялал жуулчлалын холбоо үзэж байна.


Иймд долоодугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үйлдэх нэмэлт нислэгийн хугацааг 10  дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгах, мөн тухайн хугацаанд баасан гараг бүр шинээр нислэг үйлдэж, долоо хоногт хийх нислэгийн давтамжийг 4 болгох хүсэлт тавьж байгаа аж.


МИАТ компани дээрх хүсэлтийг судалж, одоогийн нислэгийн хуваарьт таарахгүй байгаа аяллуудын нарийн судалгааг гаргаж ирүүлэхийг аялал жуулчлалын компаниудаас хүссэн байна.  

Холбоотой мэдээ