“Токио-2020”-ийн төсөв 29,5 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2016-09-30 09:13:09

ТОКИО./TASS/. Японы нийслэлд 2020 онд болох Зуны Олимпын наадмын төсөв 3 их наяд иен буюу 29,5 тэрбум долларт хүрч магадгүй байна гэж тус наадмын зардлыг тооцох тусгай комиссын тайланд дурджээ. Тайланг Токиогийн амбан захирагч Юрико Коикэ-д гардуулан өгсөн байна.

Зардал хэмнэх үүднээс Токиод барихаар төлөвлөсөн спортын гурван байгууламжаас татгалзах нь зүйтэй гэж комиссын тайланд дурджээ. Эдгээр нь волейболын спортын ордон, усан спортын төв болон завины уралдааны зам юм.

Тайланд дурдсанаар, Токио хотын захиргаа дэд бүтэц, спортын байгууламжтай холбоотой нийт зардлын 25 хувийг гаргаж магадгүй байна. Урьдчилсан байдлаар, Японы эрх баригчид Олимп зохион байгуулахад 734 тэрбум иен буюу 7,2 тэрбум доллар зарцуулна гэж тооцоолж байжээ.

Түүнээс гадна, Олимпын цэнгэлдэх хүрээлэнг Их Британийн уран барилгач Заха Хадидын хийсэн зураг төслөөр барина гэж төлөвлөж байсан боловч өртөг өндөртэй гэж үзэн татгалзаж байв. Харин өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхий сайд Шинзо Абэ 1,2 тэрбум долларын өртгөөр босох шинэ стадионы зураг төслийг сайшаасан ажээ. Энэ байгууламжийг 2019 оны 11 дүгээр сард барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

“Токио-2020” Олимпын тоглолт 2020 оны 7 дугаар сарын 24-өөс 8 дугаар сарын 9-нд болно. Олимпын 7,5 сая ширхэг тасалбарыг худалдахаар төлөвлөжээ.

Б.Адъяахүү
 

Холбоотой мэдээ