“Nova-C” буугч төхөөрөмж Сарны тойрог замд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-22 15:17:20

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 22 /VOA/. Хьюстонд төвтэй “Intuitive Machines” компанид зохион бүтээсэн “Nova-C” буугч төхөөрөмж лхагва гарагт Сарны тойрог замд оржээ. 


“Odysseus” хэмээн нэрлэсэн уг төхөөрөмж Сарны гадаргуугаас 92 км-ийн өндөрт тойрог замд орлоо гэж тус компани цахим хуудсандаа мэдээллээ.


Америкийн “Astrobotic Technology” компанийн ижил төсөл бүтэлгүйтсэнээс хойш сар орчмын дараа Саран дээр төхөөрөмжөө газардуулах “Intuitive Machines” компанийн “IM-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. “Astrobotic Technology” компани Израил, Японы компаниудын амжилтгүй оролдлогын дараа Саран дээр төхөөрөмжөө буулгаж чадаагүй гурав дахь хувийн компани болсон юм.


НАСА-гийн судалгааны багаж хэрэгслүүдийг тээж яваа сансрын уг төхөөрөмж 24 цагийн дотор Сарны гадаргуу руу аажмаар доошилж, пүрэв гарагт буюу өнөөдөр Сарны өмнөд туйлын "Малаперт А" тогооны ойролцоо газардана.


Уг төхөөрөмжийг зургаа хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 15-нд Флорида муж улсын Канавералын хошуун дахь НАСА-гийн Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм.

 

Хэрэв буулт амжилттай болбол 1972 онд НАСА-гийн “Аполлон 17” хөлгийн буугч төхөөрөмж Саран дээр газардсанаас хойш Америкийн төхөөрөмж Сарны гадаргуу дээр газардсан анхны тохиолдол болно. Мөн НАСА-гийн “Артемис” хөтөлбөрийн хүрээнд Саран дээр сансрын аппарат газардуулсан анхны тохиолдол болох юм.


IM-1 нь “Intuitive Machines”-ийн төсөл боловч энэ арван жилийн сүүлчээр Сар луу хийхээр төлөвлөж байгаа анхны жолоодлогот нислэгийн өмнө Сарны орчны талаарх мэдээлэл цуглуулах зориулалттай НАСА-гийн зургаан багаж хэрэгслийг тээвэрлэж яваа юм.

Холбоотой мэдээ