ГОВЬ-АЛТАЙ: Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-22 15:23:50

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс Говь-Алтай аймгийн Хамтарсан багийн гишүүдийг хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтад хамрууллаа.


Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрөөс “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дарви суманд хэрэгжүүлж байгаа. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчдад ээлтэй арга зүйг түгээж, хамтарсан багийн гишүүд болон хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх арга зүйгээр чадавхжууллаа. Сургалтыг Хүүхдийг ивээх сангийн сургагч багш Э.Жаргал, Б.Баярмаа нар зааж, Говь-Алтай аймгийн Дарив сум, Есөнбулаг сумын сум болон багийн хамтарсан багийн гишүүд болон хүүхэд хамгааллын 60 орчим мэргэжилтэн хамрагдав. 


Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Алтайбаатар сургалтын хэрэгцээ, шаардлагын талаар, "Манай байгууллага салбар дундын түвшинд Боловсрол, шинжлэх ухааны газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалт нь хамтарсан багийн гишүүд багагүй солигдож, шинэ мэргэжилтнүүдтэй болсон байсан энэ үед үнэхээр цагаа олсон сургалт боллоо” гэв. 


Сургалтын үеэр оролцогчид зөвхөн суралцаад зогсохгүй өөр хоорондоо сайн туршлагаа солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, арга шийдлийг хамтдаа эрэлхийлсэн нь нь сургалтын үр дүн байлаа хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.


Говь-Алтай аймгийн 18 сум 2 тосгонд 29 хамтарсан багт 270 орчим гишүүн ажиллаж байгаа юм. Тэд гэр бүл, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээг анхан шатанд чанар хүртээмжтэй үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Холбоотой мэдээ