Конгрессын төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-22 10:21:22

ТАЙБЭЙ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /interfax/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн хорооны дарга Майк Галлахер тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд айлчлахаар хүрэлцэн иржээ.


“Хятадын Коммунист намын айлган сүрдүүлэлтийг хэрхэн сөрөн зогсож, даван туулах төдийгүй цэцэглэн хөгжиж болохыг Тайвань дэлхий дахинд дахин дахин харууллаа” гэж М.Галлахер мэдэгдэлдээ дурджээ. 


Конгрессын төлөөлөгчид "Тайванийн анд нөхөд, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лай Чиндэ болон шинээр сонгогдсон хууль тогтоох байгууллагад манай улсын дэмжлэгийг нотлон харуулахаар Тайбэйд хүрэлцэн ирсэн" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Ража Кришнамурти мэдэгдэхдээ, хууль тогтоогчид Тайваньтай харилцах АНУ-ын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гээд "ардчилал, хүний эрх, энх тайвны төлөөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг дэлхийн бүх улс Тайваньтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг" уриалж байна гэлээ.


Таван хууль тогтоогчоос бүрдсэн төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Тайванийн өндөр албан тушаалтнууд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзана. Тайбэй дэх АНУ-ын төлөөлөгчийн газраас мэдээлснээр, төлөөлөгчид хоёрдугаар сарын 24-ныг хүртэл Тайваньд байх бөгөөд хоёр талын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, мөн “бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг асуудлыг хэлэлцэх аж.


Майк Жонсон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсоныхоо дараа мэдэгдэхдээ, хэд хэдэн байнгын хорооны дарга нарт хандан Тайваньд айлчлахыг хүснэ гэж байсан юм. Энэ нь Тайваний "аюулгүй байдал, ардчилал"-ын төлөөх АНУ амлалтыг нотлох ёстой гэж тэрбээр хэлжээ.


Дээрх мэдэгдлийн хариуд АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэнюй мэдэгдэхдээ "Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ АНУ туйлын болгоомжтой байх ёстой, "нэг Хятад" зарчмыг ямар нэгэн хэлбэрээр бүдгэрүүлэх, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах үзэлт хүчнүүдэд буруу дохио өгөх ёсгүй" гэжээ. 



Холбоотой мэдээ