ӨВӨРХАНГАЙ: Хүмүүн бичигтэн байгууллага, албан хаагч, багшийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-20 18:27:40

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газраас “Хүмүүн бичигтэн албан байгууллага”, “Хүмүүн бичигтэн албан хаагч”, “Бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгч багш, иргэн”-ийг шалгаруулах уралдаан зарлалаа.


Уралдаанд оролцогч байгууллага нь гадна, дотор хаяг болон эзэмшлийн гудамж талбайг үндэсний бичгээр хаягжуулах, байгууллагын албан бичгийг хос бичгээр үйлдэхээс гадна нийт албан хаагчдынхаа үндэсний бичгээр унших, бичих чадварын гарааны түвшинг тодорхойлон дэвшилттэй сургах, нэрийн хуудсыг нь монгол бичгээр хэвлэх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангах юм.


Уралдаанд оролцогч албан хаагчдыг I шатанд байгууллага бүрээс шалгаруулах бөгөөд үндэсний бичгийн сургагч багшийн хоёр сарын сургалтад бүрэн хамрагдсан байх, үндэсний бичгээр хурдан зөв унших, бичих, мөн компьютерт бичих чадварыг голлон дүгнэнэ. “Бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгч багш, иргэн” нь үндэсний бичгийн сургалтыг зохион байгуулсан, олон нийтэд сурталчилж, идэвхжүүлсэн байх шалгуур үзүүлэлттэй.


Түүнчлэн байгууллага, хамт олноороо болон хувиараа МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалж, уншиж хэвших нь уралдааны нэг шалгуур болох юм.


Уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд шилдэг оролцогчдыг “Үндэсний бичиг соёл, номын баярын өдөр” болох 4 дүгээр сарын 26-нд шалгаруулж, олон нийтэд танилцуулна.

 

Холбоотой мэдээ