БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн төвд 4.8 км хатуу хучилттай авто зам шинээр тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-08 15:58:33

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,8 км хатуу хучилттай авто зам шинээр тавина.


Замын бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөг нь 4,7 тэрбум төгрөг. Үүнээс 2024 онд 1,2 тэрбум төгрөгийн ажил хийнэ.


Барихаар төлөвлөж буй зам нь 17 хэсгээс бүрдэх бөгөөд хотын төв замуудаас 3, 4, 5, 6, 11, 13 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх албан байгууллага, айл өрхүүд рүү салаалж гарах туслах замуудыг хатуу хучилттай авто зам болгож шинээр тавих аж.

Шинэ зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа тус бүр 1,5 метр өргөнтэй явган хүний замтай байна.


Замын бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг “Кадсүрвэй” компани гүйцэтгэж, аймгийн Орон нутгийн өмчийн газраас өнгөрсөн сарын 31-ний өдөр тендер зарлаад байна.  



Холбоотой мэдээ