АРХАНГАЙ: Цөлжилтөөс хамгаалж нийт 19.56 га талбайд ойн зурвас байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-02 10:29:45

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлын хүрээнд өнгөрсөн онд орон нутгийн 112.0 сая төгрөгийн хөрөнгөөр хамгаалалтын ойн зурвас байгуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, аймгийн 100 жилийн ой болохтой холбогдуулан “Архангай-100 Ногоон төгөл”-ийг Эрдэнэбулган сумын төвлөрсөн хогийн цэгийн цэвэрлэж, тэгшилсэн 8 га талбайд байгуулсан юм.


Мөн Ихтамир суманд 6 га, Батцэнгэл суманд 5 га, Цэнхэр суманд 0.2 га, Тариат суманд 0.36 га талбайд нийт 19.56 га талбайд ойн зурвасыг шинээр бий болгож, 29800 ширхэг мод тарьж, арчилгаа хамгаалалтын ажлыг гүйцэтгээд байна.


Ойн зурвас байгуулах замаар тарьж, суулгасан мод, бут сөөгийн амьдралтын хувь 89-92 хувьтай болохыг намрын тооллогоор тогтоожээ.

Холбоотой мэдээ