Ятгын квинтет анх удаа “Хязгааргүй” тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-28 16:52:19

Монгол Улсын Морин хуурын чуулгын ятгын квинтетийн "Хязгааргүй" тоглолт маргааш УДБЭТ-ын тайзнаа болно.

Энэ удаа ятга хөгжмийн квинтет буюу тавал анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд хүргэх юм.

Энэхүү тоглолт нь ятга хөгжмийн хөгжил болон хөгжимчдийн уран чадварыг үзэгчдэдээ харуулах, хөгжмийн яруу дуугаралтыг мэдрүүлэх зорилготой. Тоглолтод Э.Оюунтуяа, О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, П.Дэлгэрцэцэг, А.Жамбалсүрэн нарын ятгын квинтет монгол үндэсний сонгодог бүтээлүүд, тухайлбал "Мандухай сэцэн хатан" киноны хөгжмийн ятгын тавалд зориулсан шинэчилсэн найруулга, орчин цагийн шинэ бүтээлүүдийг тоглох юм.

Даяаршил, олон талт соёлын нийлмэл болсон энэ эринд хүн бүрийн тэгш оролцоог дэмжих, амьдралын зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэх итгэлийг бэхжүүлэх уриатай “Лийн Ин Монголиа” нь тус тоглолтыг хамтран зохион байгуулж байна.

Дашрамд мэдээлэхэд, Морин хуурын чуулга нь монгол үндэсний уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур, ятга, ёочин, шинээр зохион бүтээсэн дунд хуур, их хуур, түүнчлэн дэлхий нийтээр сонгодог хөгжмийн зэмсэгт тооцон хэрэглэдэг төгөлдөр хуур, флейт, цохивор хөгжим зэрэг баялаг бүрэлдэхүүнтэй бөгөөд цөөхүүл хөгжмийн, нумт хөгжмийн зэрэг өвөрмөц тоглолт зохион байгуулж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ