Зах зээлд чиглэсэн хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-30 14:43:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) хамтран "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл"-ийг хэрэгжүүлэх баримт бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танаки Шиничи гарын үсэг зурлаа.


Энэ оноос эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжих тус төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм. Хүйтэн сэрүүн улирлын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоо, хүнсний ногоо тариалах хугацаа хязгаарлагдмал байдгаас шалтгаалан нарийн ногооны хангамжийг нэмэх хэрэгцээ шаардлага байгаа.


Засгийн газраас "Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичиг (2016-2025)" -ийг баталж, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг 2025 он хүртэл 100 хувь нэмэх зорилт тавьсан. Иймд тухайн бус нутгийн онцлогт тохирсон, зах зээлд чиглэсэн хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр (Smallholder Horticulture Empowerment & Promotion) аргачлалд суурилсан үйл ажиллагаагаар дамжуулан жижиг, дунд хүнсний ногоо тариаланч, салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулж, дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжин, зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих, үр дүнтэй механизм бий болгох, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж ХХААХҮЯ мэдээллээ. 


Манай улс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай 1997 оноос хойш амжилттай хамтран ажиллаж байгаа билээ.

Холбоотой мэдээ