А.Сабаленка Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-01-28 12:28:24

МЕЛЬБУРН, 2024 оны нэгдүгээр сарын 28 /ABC/. 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Беларусийн теннисчин Арина Сабаленка түрүүлснээр өнгөрсөн жил хүртсэн аваргын цолоо хамгааллаа.


Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй, 25 настай А.Сабаленка Мельбурн хотын “Rod Laver” аренад бямба гарагт болсон финалын тоглолтод Хятадын тамирчин, дэлхийн чансааны 12 дугаарт бичигдэж буй Жэн Чиньвэнийг 6-3, 6-2-оор буулган авчээ.


Өдгөө 21 настай, залуу тамирчин Жэн Чиньвэнийн хувьд Их дуулгын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын шатанд шалгарсан Хятадын хоёр дахь тамирчин болсон байна. Өмнө нь Их дуулгын хоёр удаагийн аварга Ли На ийм амжилт үзүүлж байлаа.


Энэ сарын 14-нд эхэлсэн Австралийн нээлттэй тэмцээн ням гарагт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолтоор өндөрлөнө. Энэхүү тоглолтод дэлхийн чансааны 3, 4 дүгээрт эрэмбэлэгдэж буй Оросын тамирчин Даниил Медведев, Италийн теннисчин Янник Синнер нар учраа таарчээ. 

Холбоотой мэдээ