Долоон аймгийн 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр баталлаа.
2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, АНУ-руу шууд нислэг үйлдэж эхлэх аж. Мөн БНСВУ-ын Хо Ши Мин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн агаарын хөлгийн тоог дөрвөөр нэмэгдүүлж, Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилтыг үргэлжлүүлэн орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулах юм байна.
Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Харин авто тээврийн салбарт 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай авто тээврийн хэлэлцээр байгуулах юм байна. Мөн БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо. Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.
Үүнээс гадна авто
замын салбарт, долоон аймгийн 44
сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлэх аж. Энэ хүрээнд нийт 1100 км
авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 км авто замыг у/метр
гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.