Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээврийн чадавхжуулах сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-25 15:34:51

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт”-ыг 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна.


АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, Номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, Иргэний нисэхийн үндэсний төв хамтран зохион байгуулах сургалтын төлөвлөлтийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн бүсийн улсуудын агаарын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын төлөөлөл болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, холбогдох албаны төлөөллүүд уулзаж, ярилцжээ.


Учирч болох гамшиг, ослын үед агаарын зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх нь маш чухал учир тус сургалтаар улс орнуудын агаарын тээвэрлэлт, хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах зорилготойг уулзалтын үеэр онцолсныг ИНЕГ мэдээллээ.


Ирэх оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөөд буй сургалт нь хээрийн болон команд штабын сургалт хэсгээс бүрдэх бөгөөд гуравдугаар сард 6-7 улсын төлөөлөл Монгол Улсад ирж, анхны төлөвлөлтийн хурлыг хийх аж. 


ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Сургалтын үеэр Ази, Номхон далайн 20 улсын 6 агаарын хөлгөөр гамшиг тохиолдсон үед агаарын зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн явуулах ач холбогдолтой сургалт болно" гэдгийг тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ