Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжигээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2024 оны 1 дүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.