“Henley Passport Index-2024” жагсаалт нийтлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-11 17:28:49

ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 11 /henleyglobal/. Лондонд төвтэй “Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ.


Henley Passport Index” гэж нэрлэдэг эл чансааг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) дэлхийн 199 орны 227 чиглэлд зорчих мэдээлэлд тулгуурлан гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын паспортыг хэдэн улсад визгүй зорчих боломжтойгоор нь эрэмбэлдэг.


2024 оны жагсаалтыг зургаан улс хамтдаа тэргүүлсэн нь сүүлийн 19 жилийн хугацаанд дэлхийн аялал жуулчлалын эрх чөлөөг бүртгэж эхэлснээс хойш тохиогоогүй явдал боллоо. Тодруулбал, Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани зэрэг улсын иргэд дэлхийн 194 оронд визгүй зорчих боломжтой болжээ.


Ази тивийн Япон, Сингапур улсууд сүүлийн таван жил энэ жагсаалтыг тэргүүлж байсан хэдий ч Европын дөрвөн улс эхний байранд орсон нь том дэвшил боллоо. Финланд, Швед, Өмнөд Солонгос улсууд хамтдаа хоёрдугаарт бичигдсэн бол Австри, Дани, Ирланд, Нидерланд гуравдугаарт эрэмблэгджээ.


2024 оны Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байрт:

• Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани (194)

• Финланд, Өмнөд Солонгос, Швед (193)

• Австри, Дани, Ирланд, Нидерланд (192)

• Бельги, Люксембург, Норвеги, Португал, Их Британи (191)

• Грек, Мальта, Швейцарь (190)

• Чех, Шинэ Зеланд, Польш (189)

• Канад, Унгар, АНУ (188)

• Эстони, Литва (187)

• Латви, Словак, Словени (186)

• Исланд (185)


Монгол Улсын паспорттай иргэд дэлхийн 63 оронд визгүй зорчих боломжтой гэсэн үзүүлэлтээр Африкийн Бенин, Мозамбик улсуудын хамт жагсаалтын 79 дугаарт бичигдсэн бол Ирак (31), Сири (29) Афганистан (28) улсууд сүүл мушгижээ. 

Холбоотой мэдээ