БАЯНХОНГОР: ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирсан гэж үнэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-03 08:32:32

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "Тогтвортой амьжиргаа-3" төслийн дэмжлэгээр Баянхонгор аймгийн 20 сумын 5300 гаруй төрийн албан хаагч, иргэдийг сургалт, чадавхжуулах үйл ажиллагаанд хамруулан ажилласны дүнд сумдын ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирчээ.


Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2019, 2021 онд жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр аймгийн 20 сум бүгд амжилттай үнэлэгдэн гүйцэтгэлд суурилсан урамшуулалд хамрагдаж байсан бол нийт сумын жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дундаж оноо 2016-2023 онд 29 хувиас 80 хувьд хүрч нэмэгдэн хэрэгжилтийн үнэлгээ сайжирсан байна.


Төсөл хэрэгжих хугацаанд аймгийн 20 сум гүйцэтгэлд суурилсан урамшуулал 4,191.8 сая төгрөг, санхүүгийн eрөнхий дэмжлэг 1,703.9 сая төгрөг, сургалт бусад чадавхжуулах арга хэмжээнд 233.6 сая буюу нийт 6,129.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Дэлхийн банк, Швeйцарын хөгжлийн агeнтлагийн санхүүжилтээр Баянхонгор аймагт татаж, сум орон нутгийн хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрүүлэхэд бодит хувь нэмрээ оруулжээ.


Тогтвортой амьжиргаа төслийн эхний хоёр шатны төсөл 2002-2007, 2007-2013 онд хэрэгжсэн бол гурав дахь шатны төсөл нь 2016-2023 онд амжилттай хэрэгжин өндөрлөж байгаа аж.


"Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь Орон нутгийн засаглал, амьжиргааны чадавхыг бэхжүүлэх, Сайн засаглал, үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр, Удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан батлуулж мөрдүүлэх, иргэдийн идэвх, оролцоотойгоор орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад сумдын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, ОНХС-ийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэн, сумдын үйл ажиллагааг дэмжих замаар хэрэгжжээ.

Холбоотой мэдээ