“Тогтвортой амьжиргаа-3” төсөл энэ онд дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-20 16:28:35

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийн 3 дахь шат “Тогтвортой амьжиргаа-3” төсөл энэ онд дуусна.


“Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 2017 оноос хойш Орон нутгийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа сайнаар үнэлэгдсэн сумдад 48.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна. Тус санд 2013-2023 онд 1,8 их наяд төгрөг хуваарилсныг иргэдийн саналаар хэрэгцээнд нь тулгуурласан хөрөнгө оруулалтуудад зарцуулжээ.


“Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь сумдын ОНХС-г дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэхэд анхаарч, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж иржээ. Сумдын ОНХС-гийн гүйцэтгэлд жил бүр “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ” хийдэг бөгөөд анх 2016 онд 330 сумын дундаж оноо 32 хувь байсан нь энэ онд 71 хувьд хүрсэн амжилттай байна.


Монгол Улс төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт бий болгох бодлогыг 1990 оноос, “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг 2002 оноос эхлүүлж, “Тогтвортой амьжиргаа 1, 2, 3 төслийг шат дараатай хэрэгжүүлж иржээ. “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд иргэдийн оролцоо 4 дахин нэмэгдсэн аж.


Хөтөлбөрийн 2 дахь шатанд буюу 2013 онд Төсийн тухай хуульд “Орон нутгийн хөгжлийн сан”-тай байхаар тусгаснаар иргэд жил бүр ОНХС-гийн санхүүжилтээр амьдарч буй орчноо хэрхэн сайжруулах саналаа жил бүр 1-6 дугаар сарын хугацаанд өгдөг болоод 10 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 50 мянга гаруй төрийн албан хаагчийг сургалтад хамруулж, орон нутгийн 1.6 сая, улсын хэмжээнд 3.6 сая хүнд хүртээмжтэй мэдээ мэдээлэл түгээж, иргэдийн оролцоог нэмэх үйл ажиллагааг зохион байгуулан, ОНХС-гийн Удирдлагын мэдээллийн систем, иргэдээс санал авах гар утасны аппликейшн хөгжүүлж өнгөрсөн хоёр жилд 600 мянга орчим цахим санал авчээ.


Холбоотой мэдээ