Улиастайн баг сургууль дахин сэргэсний 20 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:51:46

 Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн бага сургууль дахин сэргэсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ үеэр гурван насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн болон хүүхдийн барилдаан болсон аж. Улиастай бага сургууль нь 1-5-р анги хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаа явуулдаг байна. Тус бага сургуулийг эх оронч Ш.Бүргэлдэй, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэсүрэн, төрийн сайд Д.Ёндон, А.Пүрэвжав, эрдэмтэн К.Цоохүү, К.Цагаан, Ц.Даш, Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Баяр, Улсын сайн малчин А.Намсрай, Т.Далантай, Д.Явуун, Д.Сэргэлэн, Улсын аварга шатарчин Б.Баярмандах, монгол бичгийн Улсын олимпиадын аварга багш Н.Буянаа нарын олон алдартнууд төгсжээ.

   1962 онд Улиастай сум татан буугдаж, Өмнөговь сумын томоохон бригад болжээ. Бригадын анхны даргаар Баянбатын Пүрэвжав ажиллаж байсан байна. Тухайн үед тус бригад нь бага сургууль, хүний бага эмчийн салбар, худалдаа бэлтгэл ангийн салбартай төвлөрсөн суурин газар байсан аж. Газар нутгийн хувьд Ховд голын ай сав дагуу Төрийн тахилгат Алтан Хөхий уулын ар бэл Улиастайн шилийг дагаж тогтсон хэсэгт байршдаг байна.

   Өдгөө тус баг нь 220 өрх, 850 гаруй хүн амтай, 40 гаруй толгой мянган толгой малтай аж. Багийн төв Мунжив нь сумын төвөөс 55 км-т байх ба 2005 онд баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд