Дубай руу шууд нислэгтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Тус чиглэлд энэ сарын 16-нд “Хүннү Эйр” компани анхны шууд нислэгээ үйлдсэн байна.
Шууд нислэг нь долоо хоногт нэг удаагийн давтамжтай байх аж.
Монгол,
Эмиратын иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоног харилцан визгүй
зорчиж эхлэх юм. Агаарын харилцааны шинэ маршрут нь хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг улам бүр идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчид,
жуулчид, оюутнуудад аялахад ихээхэн дэм болно гэж үзжээ.
Энэ онд манай улс 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Мөн олон улс болон дотоодын нислэгийн тийзний үнэ 2-3 дахин буурч иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг салбарынхан онцоллоо.