БХБЯ ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн стандартыг баталгаажууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-14 14:23:04

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд БХБЯ 2021 оны арваннэгдүгээр сараас Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагуудыг манлайлан түүчээлж Олон улсын “Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001:2015”-ыг нэвтрүүлэлтийн гэрчилгээг гардан авлаа.


“SESBELL” Олон улсын стандартын аудитын байгууллагаас баталгаажуулсан тус гэрчилгээг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын референт Д.Ганбат нар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатад гардуулан өгчээ.



Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн төрийн захиргааны төв байгууллагуудаас Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн анхдагчдын нэг нь Барилга, хот байгуулалтын яам болсныг онцлоод цаашид төрийн бүхий л байгууллага үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нэвтрүүлж, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж, тасралтгүй сайжруулж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.


БХБЯ-ны үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд бэрхшээлтэй асуудлууд тулгарч байсан ч төлөвлөх-гүйцэтгэх-шалган нягтлах-сайжруулах гэсэн дөрвөн үе шатны дагуу стандартыг нэвтрүүлж алдаа, дутагдал, сул тал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр байнгын сайжруулалт хийж ажилласны үр дүнд өнөөдөр ийнхүү баталгаажуулалтын гэрчилгээг гардан авч байгаагаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат онцлов. 



Холбоотой мэдээ