ДУНДГОВЬ: "Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн"-өөр тус салбарыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-13 15:45:24
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 12 дугаар сарын 12-нд Мандалговь хотод зохион байгууллаа.  


Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тус аймаг дах салбараас МОРА (Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо) ТББ-тай хамтран зохион байгуулж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, МОРА ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Тошихару Оки, удирдах зөвлөлийн дарга Д.Уранцэцэг, ерөнхийлөгч Д.Нарантуяа нарын албаны хүмүүс, худалдаа, үйлчилгээний салбарын ажилтнууд, бизнес эрхлэгч 200 орчим төлөөлөгч оролцжээ.



Тус зөвлөгөөн худалдаа, үйлчилгээний салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн нөөц боломж, давуу талд тулгуурлан Япон Улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үндэсний сүлжээ дэлгүүр байгуулах замаар өрсөлдөх чадвар бүхий чанартай үйлчилгээг хөгжүүлэх, экспортын худалдааг нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй түншлэл  тогтоож, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат зөвлөгөөний төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ “худалдаа, үйлчилгээний салбар нь хүн амын эрүүл аюулгүй амьдрахад шууд нөлөөлдөг, хоол, хүнс нийлүүлдэг онцгой салбар юм” гээд “тус салбарыг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтэц, худалдааны логистик сүлжээг өргөжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологи, хүчин чадлыг сайжруулах, хөдөө аж ахуйн анхдагч түүхий эд боловсруулж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг гадаад зах зээлд нэвтрүүлэх, орон нутгийн худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг хэрэгжүүлэх ажил арвин байна” хэмээн онцолжээ.


“Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-ий хүрээнд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын худалдааны салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, Япон Улсын жижиглэн худалдааны туршлага, хамтын ажиллагаа, боломж, ХХҮГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд зэрэг сэдвэр илтгэл, мэдээлэл хийж, хэлэлцүүлжээ.


Мөн энэ үеэр МОРА ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа худалдагч, касс, худалдааны зөвлөхүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, тус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Тошихару Оки Япон Улсын жижиглэн худалдааны туршлагаас танилцуулсан байна.  





Холбоотой мэдээ