ТӨВ: 15 суманд төрийн албан хаагчдын 4 айлын орон сууц ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-12 22:46:29

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд төрийн 211 байгууллага, 5844 албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцлийн талаар Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэлээс тодрууллаа. Тэрбээр, 

 

-Төрийн албаны сул орон тоог нөхөх зорилготой төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтыг дөрвөн удаа зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн жинхэнэ албаны нөөцөд 130 хүнийг бүртгэсэн. Мөн 46 байгууллагын 243 албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв олгосны 50 нь шинээр зэрэг дэв авлаа.

 

2023 онд нийт 95 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөв. 291 сул орон тоонд 10 удаагийн сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулснаар 166 сул орон тоог нөхсөн байна.

Мөн төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийсэн томоохон ажлуудын нэг нь 15 суманд төрийн албан хаагчдын 4 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан явдал юм. Энэ нь аймгийн шилжих үлдэгдлийн эх үүсвэр, сум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй буюу тус бүр 100 сая төгрөгийн орон сууц юм.


2018-2023 оны хооронд аймгийн Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт 8 албан хаагчийг хамруулж, магистрын зэрэг олгох сургалтын 32.1 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 125 сул орон тоо байгаагийн 56 нь буюу хамгийн их хүний нөөц дутмаг байгаа нь мал аж ахуй, үйлдвэрлэлийн салбар юм” гэв.


 

Холбоотой мэдээ