Хилчид бүтээгдэхүүнээ борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-23 13:34:36

Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулдаг “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24, 25-нд Ялалтын талбайд болно.

Хилчид эх орныхоо дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүнсний ногоо тариалах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зэргээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг бие даан үйлдвэрлэж, хөгжүүлж байна. Хилчид эдгээр бүтээгдэхүүнээрээ анги, салбараа хангахаас гадна, орон нутагтаа нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Хил хамгаалах байгууллагаас хилчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд хилийн отряд, ангиуд оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүнээ борлуулах юм. Мөн говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг эндээс худалдан авах боломжтой. Түүнчлэн бөднө шувууны өндөг, үрэлний навч, сөд өвс, хулангийн ундаа, төрөл бүрийн жимсний чанамал, хүнсний ногоог хямд үнээр борлуулах юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ