З.Батбаяр: Зайсангийн таван хотхоны уснаас хүний өтгөнөөс гардаг нян илэрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг. Энэхүү ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийв.
Уг хурлаар
-Аялал
жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажил
-2023 оны
өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий прогноз
-Салбарын
хяналтын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын мэдээлэл
-Байгалийн
нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтад тавьж буй хяналт
-Хог
хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил
-Уул
уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч
хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл
-Ундны
усны бохирдлын асуудлаар цаг үеийн хяналт шалгалт,
-Цаг үеийн болон бусад холбогдох асуудал гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.
Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхаарууллаа.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Усны газрын лабораторийн
шинжилгээний дүнгээр Зайсан орчмын таван хотхонд ундны уснаас нь гэдэсний
савханцар илэрсэн. Өөр бусад лабораторид хийсэн шинжилгээний дүнг хараахан нэгтгээгүй байна. Дээрх
хотхонууд Зайсангийн амын энд тэнд байршилтай байгаа учраас тухайн газарт тэр
чигтээ гэдэсний савханцар илэрсэн байх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт
халдварт болон халдварт бус өвчин тархах эрсдэл үүссэн байж болзошгүй талаар мэдээлж,
энэ асуудалд анхаараасай гэдэг үүднээс албан хүсэлт явуулсан. Мөн ХӨСҮТ-д хандаж, энэ талаар судалгаа
хийхийг зөвлөсөн байгаа.
Зайсангийн аманд байршилтай 3-4 сургууль бий. Тухайн сургуулиудад ойролцоогоор 4000 орчим хүүхэд суралцаж байна. Тэгэхээр эдгээр хүүхдийн эрүүл мэнд эрсдэлд орсон байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Гэдэсний савханцар нь хүний ялгадсаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог зүйл. Бид гэдэсний савханцраас сэргийлэхийн тулд бие зассаны дараа гараа угааж, гаднаас гэртээ орохдоо гутлаа тайлдаг. Гэтэл ундны уснаас энэ төрлийн савханцар илэрч байна. Ганц энэ ч биш маш олон төрлийн бодис бий. Бид их олон жилийн турш голын хамгаалалт, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар ярьсан. Харин энэ тухай асуудал хамгийн ихээр алдагдсан газар нь Зайсангийн ам орчимд. Энэ жижигхэн аманд 16-20 мянган хүний бөөгнөрөл үүсгэж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай энэ мэтээр илэрч байна” гэлээ.
Тус газраас өгсөн мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар 209 аж ахуй нэгж, байгууллагын ус ашиглуулах дүгнэлт гаргаж, мэдээллийг салбараар, сав газрын захиргаа, аймаг, нийслэлээр нэгтгэн гаргасан. Ус ашиглуулах дүгнэлтээр урьдчилсан байдлаар 172.0 сая.м3 /жил усанд төлбөр ногдуулсан бол өнөөдрийн 121.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Салбараар нь харуулбал, Хөдөө аж ахуйд 1.7, уул уурхайд 122, хүнд үйлдвэрт 0.2, эрчим хүчний үйлдвэрлэлд 36.3, хүнсний үйлдвэрт 4.8, барилга, барилгын материал үйлдвэрлэлд 2.9, зам засварт 0.7, аялал жуулчлалд 0.05, ахуйн үйлчилгээнд 0.8 сая м.куб ус ашиглахаар байна.