ӨМНӨГОВЬ: Өмнөговь аймаг 2024 оны төсвийг 1,446.2 тэрбум төгрөгөөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2023
оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн
ИТХ-ын ээлжит XV хуралдаан 2023 оны арванхоёрдугаар 1-ны өдөр болж, 2024
оны төсвийг баталлаа.
Өмнөговь аймаг 2024 оны төсвийг
1,446.2 тэрбум төгрөгөөр баталж үүнээс 49.7 хувь буюу 719.9
тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.
Орон нутгийн 2024 оны төсвийн жилд
аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их
засварын зардалд нийт төсвийн 37.1 хувь буюу 537.1 тэрбум төгрөгийг зориулах ба
13.2 хувь буюу 189.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталжээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд "Нутгийн зам -2024 "хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
"Нутгийн зам -2024" хөтөлбөрөөр Өмнөговь аймгийн зүүн бүс болох Даланзадгад-Баяндалай-Ноён-Гурвантэс чиглэлийн автозамыг ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бол шинээр Даланзадгад-Ханхонгор, Даланзадгад-Булган-Мандал-Овоо, Хүрмэн-Даланзадгад, Цогтцэций-Гашуунсухайтын автозам, Ханбогд-Оюутолгой чиглэлийн замаас-Дэмчогийн хийд чиглэлд хатуу хучилттай автозам барина.
Харин нийгмийн салбарт 2024 онд хийх томоохон ажлуудаас онцлоход, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Жаргалан төвийг орон нутгийн төсвийн 8,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих бол Даланзадгад, Ханхонгор, Гурвантэс суманд 7300 ахмад настанд үйлчлэх ахмадын сувилал шинээр барих юм.
Мөн
Гурвантэс, Хүрмэн, Баяндалай, Ханхонгор сумын Эрүүл мэндийн
төвийн барилгын ажлыг дуусгаж, бүрэн ашиглалтад оруулах ба хүүхдийн
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нярайн
эндэгдлийг бууруулах зорилгоор хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгын ажлыг
эхлүүлэх зэрэг ажлыг хийхээр
шийдвэрлэжээ.