Хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-29 18:25:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр М.Сингх нь Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа манай “оюун санааны хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцааг хоёр улсын найрсаг харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг сайшаав.


Элчин сайд М.Сингх түүнийг Монголд ажиллах хугацаанд хоёр улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, шашин, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлж дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажилласанд Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллагад талархаж буйгаа илэрхийлэв.


М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа Ковид-19 цар тахлын анхны вакциныг Энэтхэг Улсаас хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх, Кибер аюулгүй байдлын төвийг нээн ажиллуулах, Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсингийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг олон ажилд чухал хувь нэмэр оруулсан болно.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтын үеэр Элчин сайд М.Сингх-т Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэв.

Холбоотой мэдээ