Музей тэргүүний хүмүүсийнхээ самбарыг шинэчилж байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-09-22 16:50:23

Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн сан хөмрөгчид тус аймгаас төрөн гарсан урлаг, соёл, спорт, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, алдартан гавьяатнуудынхаа хүндэтгэлийн самбарыг шинэчилж байршуулжээ.

Сан хөмрөгчид  түүхэн хүмүүсийн намтар хөргийг салбар салбараар нь ангилж нийт долоон самбарыг шинээр байршуулсан бөгөөд зөвхөн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн самбарт 70 гаруй хүний түүх, намтар гэрэл зураг орсон аж.

Тус музейд Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Лувсан, Ч.Сүрэн, О.Одончимэд, Монгол Улсын ардын жүжигчин Ц.Сэвжид,  Ц.Батчулуун, Ардын зураач Л.Гаваа, Ардын уран зохиолч Б.Догмид, гавьяат жүжигчин Л.Нарантуяа зэрэг говь нутгаас төрөн гарсан олон алдартны түүх, намтар, гэрэл зураг хадгалагддаг байна.

Дашрамд дурдахад аймгийн түүхийн музейд  2180 дэстэй нийт  5533 ширхэг үзмэр байдаг  бөгөөд жил бүр үзмэрийн тоо нэмэгддэг аж.

Энэ талаар сан хөмрөгч Г.Сарангэрэл  “Хүмүүс бурхан болсон аав ээж, өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан үнэт эд зүйлсийг сүүлийн үед музейд авчирч өгдөг болсон.Заримыг нь мөнгөөр аваач гэдэг. Манай музейд зундаа жуулчид ихээр ирж уран нарийн хийцтэй  үнэт эдлэл, байгалын сонин содон амьтан ургамлыг үзэх нь элбэг” гэж ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ