Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Дубайг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-26 10:10:00

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар энэ оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг улс орнуудын төрийн тэргүүнтэй уулзалт хийх.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.


COP28 бол уур амьсгалын асуудлаар НҮБ-аас жил тутам зохион байгуулдаг чуулган бөгөөд Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн тогтоон барих, түүнд бэлэн байх тухай асуудлыг хэлэлцдэг. Энэ удаагийн чуулган АНЭУ-ын Дубай хотноо болох ба COP гэдэг нь талуудын бага хурал гэсэн үгийн товчлол юм. Талууд гэдэг нь 1992 онд уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод гарын үсэг зуран нэгдсэн орнуудыг нэрлэж буй.


COP28-ын үеэр Парисын хэлэлцээрийн зорилтуудад хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс гадна дараах асуудлуудад анхаарал хандуулна.

  • Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжих үйл явцыг хурдасгах
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг хөгжингүй орнуудаас гаргуулж буурай орнуудад өгөх, хөгжиж буй орнуудад зориулсан шинэ хэлэлцээр дээр ажиллах
  • Байгаль ба хүмүүст анхаарал хандуулах
  • COP28-ыг хамгийн хүртээмжтэй болгох зэрэг юм. Мөн эрүүл мэнд, санхүү, хоол хүнс, байгаль орчин зэрэг асуудлаар сэдэвчилсэн арга хэмжээг зохион байгуулах аж.

Тус чуулганы өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах талуудын зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 9-нд Төрийн ордонд зохион байгуулсан. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улс нэгдэн орсон үндсэн тулгуур олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх тухай асуудлыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдааг хангах, гарц шийдлийг тодорхойлох, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан удаатай. Өөрөөр хэлбэл, уг уулзалт нь хотноо НҮБ-ын суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хуралд манай улс нэгдсэн байр суурьтай, бүтээлч оролцоотой оролцох угтвар нөхцөлийг бүрдүүлсэн ажил болсон юм.

Холбоотой мэдээ