Эртний далайн амьтдын олдвор болон шинжлэх ухааны танин мэдэхүйн танилцуулгуудыг дэглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-11-24 20:43:24

Улаанбаатар, 2023  оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд “Монголын эртний далайн амьдрал-Эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” тусгай үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейд өнөөдөр нээлээ. 

 

Тус үзэсгэлэнд эрдэмтэн, профессор Ч.Минжингийн амьдралын 48 жилийн турш палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болон эртний далайн амьдралыг судалсан судалгааг толилуулж байна. Тухайлбал, түүний хэрэглэж байсан дуран  алх, цүнх гэх мэт 13 эд хэрэглэл, гар бичмэл болох хээрийн тэмдэглэл, эртний далайн амьтдын 30 гаруй олдвор болон шинжлэх ухааны танин мэдэхүйн танилцуулгуудыг дэглэж эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид болон үзэгчдийн хүртээл болголоо. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр эрдэмтний шавь нар дурсамж, түүх, судалгааны бүтээлийн тухай сонирхолтой илтгэлүүд сонордуулсан юм.


Профессор Ч.Минжин хийсэн судалгааны ажлаараа олон улсад хүндлэгдсэн нэрт эрдэмтэн байгаад зогсохгүй МУИС болон ШУТИС -д 48 жил багшилж Монголын геологи, палеонтологийн боловсон хүчин бэлдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Түүний хийсэн эрдмийн ажил мэргэжлийг танилцуулахад, палеонтологийн шинжлэх ухааныг таниулахаас гадна палеонтологич болоход хэрхэн суралцаж мэргэжлээ сонгосон түүний түүхээс өгүүлэх юм. Үзэсгэлэнгийн далайн амьдралын хэсэгт эрдэмтний судалгаа болох эртний шүр болон бусад сээр нуруугүйтэн амьтдын талаар мэдлэг олгох юм. Мөн  түүний нэрээр нэрлэгдсэн маш чухал олдвор болох Minjinia turgenensis эртний загасны талаар мэдэх боломжтой. 


Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.









Холбоотой мэдээ