Монголоос анх удаа “Намасте” ресторанд “Аннапурна” гэрчилгээг олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-11-24 15:19:53

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/-өөс олгодог “Аннапурна” гэрчилгээг Монголоос анх удаа “Намасте” ресторон хүртлээ.


ICCR-ийн энэхүү гэрчилгээг Энэтхэгийн хоол, хоолны өв уламжлалыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан гадаад дахь шилдэг Энэтхэг хоолны ресторанд олгодог байна.


“Аннапурна” нь эмэгтэй бурхан бөгөөд дэлхий нийтийг хоол хүнсээр хангаж, хүмүүсийг идээлж ундаалж байдаг аж. Энэхүү гэрчилгээг дэлхийн 180 улсын энэтхэг хоолны 500 гаруй ресторанаас Монгол, Америк, Герман, Косторика дөрвөн улсын  6 рестораныг шалгаруулан сонгожээ.


Энэ үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Монголд үйл ажиллагаа явуулж буй энэтхэг хоолны “Намасте” ресторан Америк, Европ зэрэг хөгжингүй улс оронд буй ресторануудаас цойлон гарч ирсэн нь том амжилт юм. Энэхүү шагнал нь рестораны менежер, тогооч, зөөгч, үйлчлэгчийн багийн ажил учраас энэтхэгийн хоол, соёлыг таниулж байгаа хамт олонд нь ажлын амжилт хүсье" гээд Энэтхэг үндэсний хоолыг дээд зэргийн зочид буудал, ресторанд тав тухтай орчныг бүрдүүлэн, чанарын өндөр түвшинд олон нийтэд үйлчилж, таниулж, сурталчилж яваа “Намасте” рестораны үүсгэн байгуулагч Бансал Кумар болон түүний гэргийд нь талархал илэрхийлэв.

Монгол Улсад Энэтхэг хоолны 14 ресторан үйл ажиллагаа явуулдгаас дөрөв нь “Намасте” ресторан юм.


Тус рестораны ерөнхий менежер Д.Цэцэнзаяа хэлэхдээ, “Манай ресторан Монголд 2012 оноос үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод 4 ресторан, нэг зоогийн газраас гадна катеринг буюу явуулын хоолны газар ажиллуулдаг. Нийт 60-аад төрлийн хоол, зууш, халуун ундаагаар үйлчилж байна. Манай нийт үйлчлүүлэгчийн 60 хувийг монголчууд, 40 хувийг гадны жуулчид эзэлдэг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Энэтхэг хоолны 14 ресторанаас бидний ялгарах онцлог нь “Аз жаргалаар үйлчилье” хэмээн уриалж хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Манай рестораны хувьд хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ шалгарч энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Манай ресторан төрийн болон явуулын үйлчилгээ явуулж олны таашаалд бүрэн нийцсэн” гэв.


Ташрамд дурдахад, “Намасте” ресторан Улаанбаатар хот болон Дорноговь аймагт тус тус салбараа нээхээр төлөвлөжээ.



Холбоотой мэдээ