Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд бодлогын баримт бичиг хангалттай бүрдсэн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форумын гурав дахь өдрийн хуралдаан "Хүн амын эрүүл, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүнсний системийн тэсвэртэй байдал" сэдвийн хүрээнд болов.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ" илтгэлдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувь нь гэр хороолол, 28.9 хувь нь автомашин, 15.5 хувь нь бусад эх үүсвэр зонхилдог ба тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг болохыг хэллээ. Түүнчлэн нийслэлийнн агаарын чанарыг сайжруулах бүсчлэлийг бохирдлын түвшингээр нь тогтоосон. Өнөөдөр хотод 1.6 сая хүн оршин суудгаас тэдгээрийн бараг тал хувь нь агаарын бохирдол хамгийн өндөртэй 1, 2 дугаар бүсэд амьдардаг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах, цэвэр эрчим хүчээр хангах явдал юм. Одоогийн байдлаар, эхний ээлжинд 2024-2025 онд 20 мянган айл өрхийг орон сууцжуулах төслийг хөгжүүлж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гэр хороололд амьдарч буй 200 мянган өрхийн 10 хувийг орон сууцаар хангана. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хувиар буурна” хэмээв. Түүнчлэн тэрбээр өндөр насжилттай автомашин замын хөдөлгөөнд оролцдог нь агаарын бохирдлын нэг нөлөөлөх хүчин зүйл болж байна. Иймд замын хөдөлгөөний түгжрэлд яндангийн шүүлтүүргүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байх хуулийн зохицуулалтыг бий болгоно гэв.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан "Хөрсний бохирдлоос нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн эрсдэл" илтгэлдээ хөрсний бохирдол нь зөвхөн манай улсын өмнө үүсээд буй асуудал биш дэлхий нийтийн асуудал болсон. Энэ нь экосистемийн гол аюул юм хэмээн онцлов. Агаарын болон усны бохирдол нь байгалийн явцаараа цэвэршиж байдаг бол хөрсөнд тийм боломж байдаггүй аж. Хөрс гэдэг нь 3-6 см-ийн хэмжээтэй газрыг хэлдэг. Гэтэл Улаанбаатар хот 8 см хүртлээ бохирдсон байна. Иймд нэг бол нүүлгэн шилжүүлэх, нөгөө бол дахин сэргээн боловсруулах ажлыг хийх шаардлагатай. Манай улс энэ талын бодлогын баримт бичиг хангалттай хэдий ч хэрэгжилт хангалтгүй. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын гол шалтгаан нь хог хаягдал, буруу хэрэглээ гэх мэт хүний буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Ялангуяа Улаанбаатар хот нүхэн жорлонгоос салах ажлыг ойрын хэдэн жил хийх хэрэгтэй гэж С.Өнөрсайхан захирал ярилаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн манай улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдлыг хөндөх үеэрээ мөн л бодлогын баримт бичгийн хувьд манай улс сайтар хангагдсан ч шийдвэрлэх асуудал хүлээлтэд байна хэмээн үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр "2022 оны жилийн эцсийн дүнгээс харахад, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ДНБ-ий 32,3 хувийг бүрдүүлж байна. Орон нутгийн үйлдвэрлэлд ХАА-н салбарын эзлэх хэмжээ 85 хувьтай. Нийт газар нутгийнхаа 73 хувийг ХАА-н эдэлбэр газраар, 800 мянган га талбайг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг. Нийт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Тус салбарын гол зорилго нь иргэдээ баталгаат хүнсээр тасралтгүй хангах явдал юм. Өнөөгийн нөхцөлд манай салбар байгаль, цаг уураас ихээхэн хамааралтай болсон тул тэсвэрлэх чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын ургацаар иргэдийнхээ хэрэгцээг хангах, цаашлаад импортлогч орон болох зорилт тавиад буй. Одоогийн байдлаар үр тариа, мах бэлтгэлийн тоо хэмжээ нэмэгдэж, хүнс боловсруулах үйлдвэрлэлийн чадамж дээшилсэн" гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан уг форумыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс 6000 гаруй стандарттай. Энэ бага тоо биш. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд хэрэгждэг, хэрэгждэггүй 700 гаруй стандарт үйлчилж байна" гэсэн асуудлыг хөндсөн. Өнөөдрийн форумын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ "Эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт мөрдөгдөж байгаагаас өнгөрсөн онд хийсэн үнэлгээгээр 135 стандартыг хэвээр үлдээж, 218-ыг нь шинэчлэн, 415 стандартыг хүчингүй болгож, эмчилгээ оношилгооны заавар болгох нь зүйтэй хэмээн үзсэн. Энэ оноос MNS:714-2013 стандартыг батлуулан хэрэгжүүлж байгаа нь цоо шинэ стандарт юм хэмээв.