ӨВӨРХАНГАЙ: Э.Бадамгэрэл: Ихэнхдээ 1990-2000 оныхон төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-20 11:58:07

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн албаны шалгалтын өнөөгийн байдал, анхаарах ёстой асуудал, ажлын сул орон тоо, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн талаар  Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Бадамгэрэлээс тодрууллаа.


- Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг ямар үед авдаг вэ?

- Төрийн албаны жинхэнэ шалгалт нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д зааснаар ерөнхий болон тусгай шалгалт гэсэн хоёр төрөл байдаг. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөд тодорхой шалгуур бий. Төрийн албаны тухай хуулийн 22.1-т зааснаар дээд боловсролтой, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй, монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, сэтгэцийн өвчин, эмгэггүй, 2008 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн эрэгтэй хүүхэд бол хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн Монгол улсын иргэн уг шалгалтыг өгөх юм.

 

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тусгай шалгалтыг зарлана. Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэн, мөн Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэн төрийн албаны тусгай шалгалтад орох эрхтэй.

 

- Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд хэдэн удаа зохион байгуулдаг вэ?

- 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс Төрийн албаны тухай хууль шинэчилсэн найруулгынхаа хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа авахаар зохицуулсан байсан бол 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулинд орсон өөрчлөлтөөр улиралд нэгээс доошгүй удаа шалгалт авдаг болсон.


Энэ өөрчлөлт орсноор иргэд улирал тутам шалгалт өгөх боломжтой болж,  төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэн төрийн албанд ажиллах боломжийг нээж өгч байгаа. Гэтэл иргэд маань “Дараагийн улиралд өгчихье” гэх байдлаар хойшлуулах хандлага ажиглагдаж байгаа юм. Өмнө нь 2019 - 2022 онд жилд нэгээс хоёр удаа шалгалт авдаг байхад иргэдийн идэвх харьцангүй өндөр, 360-600 гаруй хүн ерөнхий шалгалтад бүртгүүлээд 84-өөс дээш хувь нь шалгалт өгдөг байсан бол одоо улиралд дунджаар 100 гаруй хүн бүртгүүлж, түүний 75 орчим хувь нь шалгалтаа өгч байна.


- Төрийн албаны тусгай шалгалтыг яаж зохион байгуулдаг вэ?

- Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагаас сул орон тооны захиалгыг хуулинд заасан хугацаанд ирүүлэх ёстой. Уг захиалгыг аймаг дахь Салбар зөвлөл хянан Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн https://hh.csc.gov.mn/ сайтын шалгалтын цахим системд байршуулснаар аймгийн албан ёсны цахим сайт https://uvurkhangai.mn/ болон холбогдох бусад мэдээллийн сувгаар тусгай шалгалтын зарыг ил тод нээлттэй мэдээлдэг.

 

Энд нэг зүйлийг анхааруулмаар байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь сул орон тоо гарсан өдрөөс хойш долоо хоногт олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ төдийлөн хэрэгжүүлэхгүй байгаа учраас Салбар зөвлөлөөс нийтэд мэдээлэх үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.


Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сул орон тоо гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зарыг 2023 оны 04 дүгээр сараас эхлэн Салбар зөвлөл ажлын тав хоног нээлттэй зарладаг болсон. Энэ 5 хоногийн хугацаанд тухайн сул орон тоонд шилжин ажиллах хүсэлт ирээгүй бол тусгай шалгалтыг зарлах ажлыг зохион байгуулдаг.


- Төрийн албаны сул орон тоо ихэнхдээ ямар тохиолдолд гарч байна вэ?

- Төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, түр чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан, бүтэц, орон тоогоор шинээр ажлын байр бий болсон гээд олон шалтгааны улмаас сул орон тоо гарч байна. Төрийн байгууллагуудаас ирүүлсэн тусгай шалгалтын захиалгыг Салбар зөвлөл хянах үүрэгтэй.


Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсэн, амаржсаны амралт авсан, хүүхэд асрах чөлөөтэй эсхүл холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасны дагуу эрүүл мэндийн улмаас болон бусад шалтгаанаар тодорхой хугацаанд чөлөө авах нь тухайн ажлын байр түр эзгүй байгаа тохиолдол учраас  төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх үндэслэлгүй.

 

Гэвч шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах явцад захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг зарим тохиолдолд гаргасан байдаг.  Жишээ нь: жирэмсэн амаржсаны амралт олгох, хүүхэд асрах чөлөө олгох гэсэн эрх зүйн үндэслэлээр шийдвэр гаргах ёстой байхад түр чөлөөлсөн, чөлөөлсөн шийдвэр гаргаад сул орон тоо гэж үздэг.


Төрийн жинхэнэ албан хаагч өөр байгууллагад өөр албан тушаалд шилжин ажиллах, мөн төрийн албаны тусгай шалгалт өгөөд шатлан дэвшиж байгаа албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46.2.4 дэх заалтаар өөрийн санаачилгаар гэсэн үндэслэлээр чөлөөлж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, төрийн жинхэнэ албанд ажиллах боломжгүй буюу төрийн жинхэнэ албаны нөөцгүй болгосон шийдвэр гаргасан байдаг. Ийм учраас сул орон тоо гарсан шалтгаан, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, хэрвээ  хууль бус шийдвэр байвал зөрчлийг арилгуулдаг. 

 

 - Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх гэж байгаа иргэд юуг анхаарах шаардлагатай байна вэ?

- Төрийн албаны зөвлөлөөс хуваарьт ерөнхий шалгалтын товыг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор тогтоож, нийтэд мэдээлдэг. Хуваарьт ерөнхий шалгалт гэдэг нь улирал тутам авдаг шалгалт юм. Жишээ нь: 2024 онд зохион байгуулах 1,2,3,4 дүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх өдөр, цаг, бүртгэл дуусах өдөр, цаг, шалгалт авах өдрийг нарийвчлан зааж, товыг тогтоож, шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөл, аймгуудын цахим сайт, Салбар зөвлөл болон холбогдох бусад төрийн байгууллагын цахим сайт, нийгмийн сошиал сүлжээ  зэрэг бүхий л мэдээлэл хүргэж болох сувгуудыг ашиглаж түгээдэг.


Иргэд тэр хуваарийг хараад шалгалт хэзээ өгөхөө төлөвлөх боломжтой. Тухайлбал, https://exam.csc.gov.mn/ линкээр Төрийн албаны зөвлөлийн сайтад нэвтэрч, “сонгон шалгаруулалт” гэсэн цэс рүү орохоор “Ерөнхий шалгалтын зар” гэж бий. Тэндээс сонголтоо хийгээд бүртгэлээ зөв оруулна.



Хамгийн гол нь хувь хүний мэдээллээ зөв оруулах ёстой. Бүртгэл дууссаны дараа бид шалгалтын хуваарийг баталгаажуулж, бүртгэлтэй мэйл, утасны дугаар руу нь мэдээлэл илгээдэг юм. Гэтэл ашиглахаа байсан имэйл хаяг, утасны дугаар бүртгүүлснээс шалтгаалаад тухайн иргэн мэдээллийг авч чадахгүйд хүрдэг. Төрийн үйлчилгээ цахимжиж байгаа өнөө үед төрийн албан хаагчийн шалгалт өгч байгаа иргэн цахим сүлжээ ашиглаж өөрт хэрэгтэй мэдээллээ авч сурсан байх ёстой гэж бодож байна.


Ялангуяа, төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлж байгаа иргэдийг харахад ихэнх нь 1990-2000 оныхон байдаг. Энэ насны залуучууд сошиал орчинд идэвхтэй, цахимаар мэдээлэл хүлээж авах бүрэн боломжтой байдаг шүү дээ. Гэтэл шалгалтын хуваарийг мэдээгүй гээд байдаг учраас бид тухайн хүн бүр рүү холбогдож, мэдээлэл хүргэхийг хичээдэг юм.

 

- Одоогоор аймгийн хэмжээнд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй хэдэн хүн байгаа бол?

- 2020 оноос 2023 оны 3 дугаар улирлын байдлаар нийтдээ 457 иргэн ерөнхий шалгалтын нөөцөд бүртгэгдсэн. Үүнээс 260 гаруй нь төрийн албаны тусгай шалгалтыг өгсөн ч 20-иод нь суманд очиж ажиллах боломжгүй гэсэн шалтгаанаар нэр дэвшүүлсэн ажлын байрнаасаа татгалзсан байна.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар 76 ажлын байрны сул орон тоог нийтэд зарлаж, 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны тусгай шалгалтыг авлаа. Үүнээс 27 албан тушаалын сул орон тоонд 44 иргэн бүртгүүлж, 37 иргэний эрх баталгаажин 32 хүн шалгалт өгсөн. Тэдгээрээс 20 шалгуулагч тэнцлээ.

 

- Аймагт ямар ажлын байрууд эзэнтэй болж чадахгүй, дахин дахин зарлагдаад байна вэ?

- Аймгийн төвд албан тушаалын сул орон тоо зарлагдсан бол хүмүүс хангалттай бүртгүүлдэг, харин хөдөө сум дахь ажлын байранд бүртгүүлэхгүй байна. Ялангуяа, босоо тогтолцоотой нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр халамж, газрын даамал гэх мэт албан тушаалууд төдийлөн сайн нөхөгдөхгүй байгаа. Хужирт сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын ажлын байр гэхэд сүүлийн гурван жил зарлагдлаа.


Уг нь төр засгаас энэ нөхцөл байдалд анхаарч, төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгодог болсон. Албан тушаалын цалин дээр улсын төсвөөс 20 хувь, тухайн сумын ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэлх хувиар олгож байгаа. Гэтэл хөдөө суманд очиж ажиллахгүй байгаагийн шалтгаан нь ажил, амьдралын таатай орчин нөхцөлийг голчилж харж байгаатай холбоотой гэж ойлгож байна.


 

- Төрийн албаны хууль дахин шинэчлэгдэж, бас нэмэлт журмууд ч гарсан. Үүнээс иргэдэд мэдүүлэх шаардлагатай онцгой заалтууд юу байна вэ?

- Хэд хэдэн онцлог өөрчлөлт бий. Төрийн жинхэнэ албан тушаалын эзгүй ажлын байр буюу жирэмсэн, амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө авсан албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажилласан бол тэр хугацаагаар төрийн жинхэнэ албаны нөөцийн хугацаа сунгагдах болсон. Ерөнхий шалгалтын нөөцийн хугацааг өмнө нь сунгадаггүй байсан.

Бас нэг өөрчлөлт гэвэл албан тушаалын нэг сул орон тоонд гурван хүн шалгалт өглөө гэж үзэхэд хамгийн өндөр оноотой иргэнээ Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлнэ. Тухайн иргэн нэр дэвшүүлсэн албан тушаалд ажиллах боломжгүй гэж хариу мэдэгдвэл онооны дарааллаар дараагийн хүнийг нэр дэвшүүлэх боломжтой болсон.


Төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөхдөө удирдан зохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадварыг ярилцлагаар шалгаж, нэр дэвшүүлэн томилуулж байна.

 

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас тухайн байгууллагын албан тушаалын ангилал нь төрийн жинхэнэ албан тушаал болж өөрчлөгдсөн бол журмын дагуу холбогдох материалыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр шалгалтын комисс байгуулж, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага хангаж байгаа, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй албан хаагчдын хүрээнд тусгай шалгалтыг зохион байгуулах зохицуулалт орсон. Энэ нь тухайн байгууллагын албан тушаалын ангилал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг байсан гэсэн үг.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ерөнхий болон тусгай шалгалтад орвол шалгалтын босго оноог багасгаж өгсөн. Мөн шалгалтын хугацааг уртасгах боломжийг журамд тусгасан.

 

- Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ