Amazon-ы цахим хуудсаар автомашин худалдаалдаг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2023-11-17 17:50:26

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /CNBC/. Америкийн Amazon компани ирэх жилээс цахим хуудсаараа дамжуулан автомашин худалдаалахыг автомашин борлуулагч компаниудад зөвшөөрнө гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. Ингэхдээ хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai компанийн автомашинуудыг борлуулж эхлэхээр болжээ.


Amazon компани нь сүүлийн жилүүдэд автомашин худалдаалах бизнес рүү аажмаар нэвтэрч, худалдан авагчдад тээврийн хэрэгслийг судлан харьцуулах боломжтой дижитал үзүүлэнгийн танхимуудыг ажиллуулж эхэлсэн боловч Amazon-оор дамжуулан шууд автомашин худалдаж авах боломжийг нээгээгүй байгаа юм. Тус компанийн цахим хуудсаар мөн автомашины эд анги, сэлбэг хэрэгслийг худалдан авах боломжтой.


Харин 2024 оноос эхлэн Amazon Америк дахь худалдан авагчдад шинэ автомашиныг цахимаар худалдан авч, дараа нь очиж авах эсвэл ойролцоох дилерээс хүргүүлэн авах боломжийг бүрдүүлэхээр болжээ. Энэхүү шинэ боломж нь дилерүүдэд үйлчлүүлэгчдэдээ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгөх, тэдэнд тав тухтай байдлыг бий болгоход тусална гэж тус компани мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ