Иран Улстай автотээврийн хэлэлцээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-17 16:44:14

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааны экспортоо нэмэхээр болов.


Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд Мохсен Бахтиартай уулзах үеэрээ хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын болон автотээврийн харилцааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиролцлоо. 


Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол хонины махыг шинээр нь экспортолж, Иран Улсаас төрөл бүрийн жимс, ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай импортлох боломжтой болно. Ингэснээр хоёр улс экспортоо нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэхэд ихээхэн хувь нэмрийг оруулах юм.


Хоёр улсын Засгийн газар Автотээврийн харилцааны хэлэлцээр байгуулбал Иран руу дөт замаар холбогдох бөгөөд Ираны Бандар Аббас боомтоор дамжуулан Монгол Улсын баруун бүсийн экспорт, импорт, транзит ачаа барааг шууд тээвэрлэнэ. Түүнчлэн, Европ-Турк-Иран-БНХАУ (Өрөмч)-Монгол (Ховд), холимог тээврээр Европ-Турк-Иран (Бандар Аббас боомт)-БНХАУ (Тяньжин боомт)-Монгол Улсын Замын-Үүд боомт гэсэн гарцтай болохыг ЗТХЯ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ