Үндэсний уран хатгамалчдын уралдаанд анх удаа эрэгтэй хатгамалчийн бүтээл тэргүүн байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-11-17 14:38:17

Улаанбаатар. 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооноос зохион байгуулсан Уран хатгамалчдын үндэсний анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Тус чуулганаар Монгол Улсын соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, урчууд хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Мөн хатгамлын урлагийн соёлын өвийг өвлүүлэх хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тусгах, тусгасан тохиолдолд түүний зохистой хэм хэмжээг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ уран хатгамалд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ, боломж бололцоо, олон нийтийн санал санаачилгыг сонсож, амжилттай туршлагуудаасаа хуваалцсан юм.  


Монголын Үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны тэргүүн С.Ганцэцэг “Монгол уран хатгамал нь монгол эмэгтэй хүний нарийн ухаан, торгон мэдрэмжээс бүтдэг. Монгол уран хатгамал нь технологийн нарийн аргачлалаараа манай улсын биет бус өвд бүртгэгдсэн ба ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хатгамал гэдэг ойлголтод бид зүү ороох, загасан нуруу, зээгт наамлыг багтааж буй. Учир нь дэлхийн улс орнуудад олон төрлийн хатгамлын төрөл байдаг. Дээрх гурван оёдол нь зөвхөн Монголын биет бус өвд бүртгэгдсэг тул энэхүү ойлголтыг хамруулж байгаа юм. Тиймээс бид энэхүү оёдлыг өвлүүлэн уламжлуулахаар ажиллаж байна. 


Манай холбоо өнгөрсөн хугацаанд гурван удаагийн үндэсний уралдааныг зохион байгуулсан. Энэ сарын 15-16-нд Монголын Үндэсний музейд Үндэсний уран хатгамалчдын IV уралдааныг зохион байгууллаа. Тус уралдааныг уламжлалт урлал болон мартагдсан төрлүүдийг сэргээн хөгжүүлэх, уран хатгамалд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урчуудын идэвхийг өрнүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, борлуулалтын хувьд дэмжлэг үзүүлж, ажилгүйдэл ядуурлаас сэргийлэх зорилгоор зохион байгуулсан” гэлээ.


Холимог тулааны тамирчин, шүүгч Э.Сүрэнхорол “Би Ховд аймгийн Мөст сумын харьяат. Найман настайгаасаа юм оёж эхэлсэн. Зүү ороох урлалыг тавдугаар ангиасаа сонирхож оролдсон.


Зүү ороох оёдол нь нэг ёсондоо бясалгал юм. Зүү ороож сурсанаар төвлөрөл бий болдог. Цаашдаа бид үр хүүхдүүддээ зааж өгөхөд анхаарах хэрэгтэй. Ялангуяа, ЕБС-ийн сургалтаар нарийвчлан заах нь уламжлалаа авч үлдэх арга зам юм. Бид нийгмээсээ болон хийж буй ажлаасаа стресстдэг. Зарим үед гарц гаргалгаа олж чадахгүй мухардах тохиолдол гардаг. Энэ үед зүү ороох оёдол маань надад тус болдог гэхэд болно.


Би холимог тулааны тамирчин, шүүгч гэж түрүүнд хэлсэн. Тиймээс зав муутай байдаг тул зүү ороох оёдлоо тууштай хийж амждаггүй. Аавдаа болон нөхөртөө төрийн соёмботой даалин оёж өгч байсан. Заримдаа нэг, хоёр жилээр дамнуулж оёх нь бий. Гэсэн хэдий ч оёх сонирхлоо хаяхгүй яваа. Нэгэнт оёдол хийе гэвэл орчноо сайн бүрдүүлсэн байх хэрэгтэй болдог” гэв.


Одоогийн байдлаар нийт 52 хүн Монгол Улсын уран хатгамалч цол хүртээд байгаа ба өнгөрөгч хоёр өдрийн хугацаанд зохион байгуулсан уралдааны дүнгээр анх удаа эрэгтэй уран хатгамалчийн бүтээл тэргүүн байранд шалгарсан байна. Г.Чинбаяр нь мартагдсан өвийг сэргээх нь төрөлд тэргүүлсэн аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй уран хатгамалчдын ихэнх нь 30-70 насны эмэгтэйчүүд бөгөөд өнөөдрийн чуулганд 1000 уран хатгамалч оролцов. 






Холбоотой мэдээ