Г.Тэмүүлэн: УИХ-д одоогоор нийтийн хоёр өргөдөл ирээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-10 16:56:30

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Үндсэн хуульдаа Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэхдээ хуулиар тогтоосон хүрээ хязгаартай байхаар тусгасан байдаг. Иймд иргэдээс хууль тогтоомжийн талаар цахимаар санал авахдаа тодорхой хүрээ хязгаартай байх нь зохистой гэдэг саналыг С.Чинзориг гишүүн тайлбарлаад, энэ талаар байнгын хорооны даргаас тодрууллаа.


Иргэд хууль санаачлахгүй, харин хууль тогтоох үйл явцад оролцож, нийтийн өргөдөл гаргах байдлаар санал дэвшүүлж байгаа гэсэн тайлбарыг Г.Тэмүүлэн гишүүн хэлээд хууль тогтоох үйл ажиллагаа нээлттэй, иргэдийн оролцоог хангаж буй дэвшил гэдэг тайлбарыг хэллээ. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 2 хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж заасан байдгийг тэрбээр дурдав. Иймд иргэдийн оролцоог хангах энэ зохицуулалтын өргөдөл гаргаж, санал ирүүлснийг нь судлан, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хууль санаачлах эсэхээ шийдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар УИХ-д нийтийн хоёр өргөдөл ирсэн байгаа гэлээ.


“НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх” өргөдлийг 100 мянган иргэн цахимаар дэмжин, аравдугаар сарын 23-нд ирсэн бол “НДШ болоод ХХОАТ-ын шимтгэлийг бууруулах” нийтийн өргөдлийг арваннэгдүгээр сарын 7-ны өдөр УИХ-д ирүүлсэн. Иймд УИХ хууль санаачлагчийн хувиар иргэдийн өргөдлийг хүлээн авч, судлах, мэргэжлийн зүгээс тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, бодлогын шийдвэрийг гаргах юм. Иймд Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн тул холбогдох тогтоолын төслийг боловсруулаад хэлэлцүүлж байгаа гэдэг тайлбарыг өгсөн.


Ийнхүү “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ